
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын IV бага хурал Марокко улсын Марракеш хотноо 2025 оны хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Хуралд Монгол Улсыг төлөөлж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Хурлын эхэнд Африк тэргүүтэй хөгжиж буй орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажиллагаанд санхүүжилт хангалтгүй байгаа бөгөөд гишүүн улс орнуудын дийлэнх нь Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегитай боловч санхүүжилт хангалтгүйн улмаас хэрэгжээгүй байгааг онцлон тэмдэглэв.
Тухайлбал, зам тээврийн ослоор жил бүр 1.2 сая хүн амь насаа алдаж, 50 сая орчим хүн гэмтэж, улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 3-5 хувийг энэ зам тээврийн ослоос үүдэлтэй осол эндэгдэлд зарцуулж байна. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил нь нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай тэргүүлэх чиглэл гэдгийг төлөөлөгчид хүлээн зөвшөөрлөө.
Ялангуяа тээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, явган зорчигч, мотоцикл, цахилгаан дугуй, бага оврын зорчих төхөөрөмжийн жолооч нарын нас баралтын тоо нэмэгдэж байгаа юм.
Иймд IV бага хурлаар зарим асуудлыг шийдвэрлэхээр санал солилцлоо. Үүнд:
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдал-2030” хөтөлбөрт тусгагдсан холбогдох бүх зорилтыг, тухайлбал 3.6 болон 11.2 дугаар зорилтуыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг дахин баталгаажуулж, Тогтвортой хөгжлийн 3 болон 11 дүгээр зорилтыг хэрэгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрөх,
- Явган зорчигч, дугуйчдын хэрэгцээг харгалзан үзэж, тээврийн систем нь хүн төвтэй байх ёстойг чухалчлан үзэх,
- Зам тээврийн ослын хүүхэд, залуучуудын амь нас, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг хүлээн зөвшөөрч, тэдний дуу хоолойг сонсох, мөн өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмзэг бүлгийн замын хөдөлгөөний оролцогчдын эрхийг хамгаалах, хүйсээр ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаар НҮБ-ын хууль эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлэхийг сурталчлан таниулах,
- 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийн тоог 50 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хугацааг баталгаажуулах,
- Бизнесийн болон үйлдвэрлэлийн байгууллагуудыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ажлын байрны аюулгүй байдлын менежментийн системд тусгах, ISO 45001 эсвэл ISO 39001 стандартуудыг хэрэгжүүлэх,
- Үйлдвэрлэл, салбарын оролцогч талуудыг хүний амь насыг аврах давуу талтай тээврийн хэрэгсэл, замын дэд бүтцийн технологийг хурдан нэвтрүүлэх, мөн дэлхийн бүх зах зээлд ижил аюулгүй байдлын үзүүлэлттэй, хямд өртгөөр нийлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Төгсгөлд нь, оролцогчид бүгдэд аюулгүй, хүртээмжтэй замыг бий болгох алсын харааг бодит болгохын төлөө хамтдаа зүтгэхээ амлалаа.
Эх сурвалж: ЗТЯ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын IV бага хурал болж байна | ||
Үзсэн: 261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.