Шууд Chart

Л.Баттөр: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол ойр ойрхон бүртгэгдэж байна

2025-02-21 17:40:28

ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ өнөөдөр /2025.02.21/ хийлээ. Тодруулбал, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр Улаанбурханы өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрбээр "Хоёрдугаар сарын 12-ноос хойш улаанбурхан халдварт өвчний гурван тохиолдол батлагдаад байна. Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаж, лабораторийн шинжилгээгээр хоёрдугаар сарын 18-нд батлагдсан. Энэ тохиолдол гадаад улсаас буюу Вьетнам улсад аялж ирсэн өгүүлэмжтэй, 38 настай хүн байсан. Хоёр дахь тохиолдол нь таван настай хүүхэд бөгөөд мөн Вьетнам улсад зорчсон өгүүлэмжтэй. Өвчний шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-наас илэрч, хоёрдугаар сарын 20-нд эмнэлэгт хандаж, хэвтээд, хяналтад байна. Хүүхдийн хувьд хоёрдугаар сарын 18-ны өдрийн аяллаар Улаанбаатар хотод ирсэн бөгөөд онгоцонд 230 хүн хамт ирсэн. Хавьтлын судалгааг хийж байна. Гурав дахь тохиолдол нь 11 настай эмэгтэй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан. Энэ тохиолдол Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан өгүүлэмжтэй, хоёрдугаар сарын 8-нд МИАТ-ын онгоцоор Монголд ирсэн байна. ХӨСҮТ-д хандаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол ойр ойрхон бүртгэгдэж байна.

Эдгээр хүмүүс нэг аяллаар бус өөр өөр аяллаар ирсэн байсан. Хоёр дахь тохиолдлын дүү нь Вьетнам улсад улаанбурхан өвчний тохиолдлоор бүртгэгдэж, эмчлэгдсэн байна. Нийтлэг зүйл нь гурвуулаа вакцинд хамрагдаагүй байсан. Нэг хүүхдийн биеийн байдал хүнд хатгаагаар хүндэрсэн байгаа.

Монгол Улсаас гадна бусад орнуудад энэ халдварт өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байна. Бид олон улсын нислэгээр ирж байгаа бүх зорчигчдыг хянаж, тандалт хийнэ. Улаанбурхан өвчин  вакцин хийлгэж бүрэн сэргийлэх боломжтой.

Сүүлд 2024 оны есдүгээр сард нийт 12 тохиолдол батлагдсаны хоёр голомт нь зөөвөрлөгдсөн тохиолдол байсан. Ер нь Монголд энэ халдвар бүртгэгдэхгүй  таван жил болсон байна. Хамгийн сүүлд 2019 онд зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ удаагийн тохиолдлыг тайван хараад сууж болохгүй" гэлээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Л.Баттөр: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол ойр ойрхон бүртгэгдэж байна  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй