Шууд Chart

Өнгөрсөн онд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 60 гэмт хэрэг мөрдөн шалгажээ

2025-02-23 10:43:09

Цагдаагийн байгууллагад нэгэн иргэн 2024 оны 7 дугаар сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаа хандан, покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж, 150 сая төгрөг алдсан хэмээн энэ оны хоёрдугаар сард ханджээ. Түүний дагуу Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгалтын ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллага мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэх нийт 60 гэмт хэрэг мөрдөн шалгажээ. Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй, архины хамааралтай иргэдийг ашиглан, нэр дээр нь банкны харилцах данс нээлгэж, хууль бусаар орлогоо түүгээр дамжуулан авдаг аж. Цахим орчинд саит нээж, зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн, тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх зохиомол байдал зориуд бий болгон, төөрөгдүүлдэг. Энэ нь мөнгө угаах, залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна гэж цагдаагийнхан үзэж байна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг. Тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулна.

Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж улмаар сэтгэл санаагаар унах, цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа аж. Иймд цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй та ганцаараа амьдрал, хөрөнгө мөнгө, бүх зүйлээ бооцоо тавин тоглож байгааг ойлгож ухамсарлан хууль бус энэхүү үйлдлээс татгалзахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Өнгөрсөн онд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 60 гэмт хэрэг мөрдөн шалгажээ  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй