Шууд Chart

М.Чинзориг: Бид хооллолтын хэв маягтаа анхаарах зайлшгүй шаардлагатай

2025-02-24 10:46:48

Монголчууд махаа хэтрүүлж иддэг, өглөөний цай уухгүй, оройтож ирээд их хэмжээгээр идэж явсаар цөс, нойр булчирхай гээд хоол боловсруулах замын өвчнүүд тусаж байна. Энэ нь даамжирсаар 20-30 жилийн дараа хорт хавдар гэдэг зүйлийг үүсгэх үндсэн хүчин зүйл болдог байна.

Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч М.Чинзориг хооллолт болон махны хэрэглээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид зуны улиралд цагаан идээгээ түлхүү хэрэглэхээ болчихсон. Зуны гурван сар бууз хорхог мах янз бүрийн махан бүтээгдэхүүн, тахиа гахайн мах гээд л олон махны хэрэглээ өндөртэй болсон. Ядаж өдөртөө 1-2 удаа л махан төрлийн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өглөө, өдөр, орой махан хоол их иддэг. Өдөр маш их хэрэглэчхээд л орой бүр их хэрэглэж байна. Бараг хүмүүсийн өдрийн хоол нь арай бага, оройны хоол нь бүр их болчхоод байгаа.

Манай монгол орны хувьд элэг, ходоод, бүдүүн гэдэс гээд хоол боловсруулах замын хавдрууд эхний 6-д бичигддэг. Тэгэхээр бид яах аргагүй л хооллолтын хэв маягтаа анхаарах зайлшгүй шаардлагатай.  Бид бол махыг маш их хэмжээгээр хэрэглэж байна. Их хэмжээтэй хэрэглэнэ гэдэг нь ходоодонд ирэх цаашлаад бусад эрхтэнд ирэх ачааллыг нэмээд байна гэсэн үг. Мах хоол боловсруулах эртхэнд хамгийн удаан задардаг. 150-300 граммаас дээш мах хэрэглэхээр хорт хавдрын эрсдэлийг нэмдэг гэсэн тоон үзүүлэлт байгаа. 

Монголчуудад жимсний хэрэглээ маш бага байдаг. Долоон хоногийн 3-5 хоногт нэг алим ч болтугай идэх хэрэгтэй. Ислэг ихтэй хоол хүнс идэж байж л гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайн бүдүүн гэдэсний ашигтай бактериуд сайн байснаар өтгөн гаралтыг сайжруулдаг.

Өтгөн гаралт сайн байвал хоол боловсруулах үйл ажиллагаа сайн байна гэсэн үг. Ер нь хараад байхад хүмүүс өтгөн хатаад байна гэдэг хүмүүс олон. Энэ нь бүдүүн гэдэсний өөрийн бүтэцтэй холбоотой байхаас гадна мэдээж жингийн илүүдэл, өөх тосны илүүдэл, шарсан хуурсан хоол идэж байгаатай холбоотой . Буузаа тостой иддэг.  Хуушуураа тосонд болгож иддэг.  Өглөө өндөг зайдас хиамаа шарж идэж байна.  Шарсан хуурсан хоолны хэрэглээ өндөр байна. Орой ажлаа тараад 20-22 цагийн хооронд хоолоо иддэг хүмүүс байгаа. Нэг идэхдээ маш их хэмжээгээр иддэг. Цадчихаад л ходоодоо дүүргээд идээд байна гэсэн үг.

Энэ нь шүүрлийн процесс алдагдуулж байгаа хамгийн том зүйл.Түүнтэй холбоотойгоор жингийн илүүдэл, цөс нойр булчирхай болон бусад төрлийн хоол боловсруулах замын өвчнүүд тусаж байна. Энэ нь явсаар байж 20-30 жилийн дараа хорт хавдар үүсгэх үндсэн хүчин зүйл болж байна.  Хоол ундандаа байнга анхаарч байх хэрэгтэй” гэв.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

М.Чинзориг: Бид хооллолтын хэв маягтаа анхаарах зайлшгүй шаардлагатай  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй