Шууд Chart

ЦЕГ: Цагдаагийн алба хаагчийг машинаар чирсэн гэх хэргийг шалгаж байна

2025-02-27 17:42:06

Цахим хуудаст нийтлэгдсэн цагдаагийн алба хаагчийг автомашинаар гэрлэн дохионоос буудал хүртэл чирлээ гэх гарчигтай видео мэдээллийн дагуу мөрдөн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Гурвалжны гүүрний уулзвар орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнийг зохицуулах чиг үүргийг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх явцад “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч "Д" нь шалгуулахаас зайлсхийж, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үйлдлийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн алба хаагчийн хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.

Мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай гэлээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

ЦЕГ: Цагдаагийн алба хаагчийг машинаар чирсэн гэх хэргийг шалгаж байна  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй