
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, хааны алтан хөшөө, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа.
ИХ ХААНЫ ӨРГӨӨ
Их хааны өргөөг төрт ёсны түүхэн уламжлал, бэлгэдлийн гүн утга, агуулгыг шингээн, түүхэн эх сурвалжийн мэдээ баримт, археологийн баримтуудад тулгуурлан байгууллаа. Монгол гэрийг бэлгэдсэн өргөөг нар, сарыг тэргүүндээ залсан алтан шонхор шувуу шунгаж буусан байдлаар урлажээ.
Лувсанданзаны Алтан товч сурвалжид “Онон мөрний тэргүүнээ есөн хөлт цагаан тугаа байгуулж хаан их ор суувай. Чингис хаан нэр өгсөн нь харавтар шувуу өрхний дээр сууж Чингис, Чингис хэмээн дуугарснаар Чингис хаан” хэмээн нэрлэсэн тухай өгүүлсэн байдаг.
Их эзэн хаан Их Монгол Улсаа байгуулж, өргөөнийхөө хойморт заларч буйгаар бүтээсэн байна. Хааны баруун гар талд монголчуудын шүтээн, энх амгалан, түвшин төрийн бэлгэдэл болох Их цагаан тугийг байрлуулжээ.
ЧИНГИС ХААНЫ АЛТАН ХӨШӨӨ
Монголчуудын түүхэн эх сурвалж, Эзэнт гүрний төрт ёсны уламжлалд тулгуурлан алтан хөшөө бүтээх нь Их хааныхаа түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх эрхэм үүргийн нэг.
Алтан хөшөө нь Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэсэн түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл юм.
Хөшөө нь монголчуудын дүрслэхүйн урлагийн уламжлалт тиг болох тэгш хэмт зохиомжтой, бодит хийцтэй бөгөөд хөшөө, Их Монгол Улсын алтан тамга, Их хааны сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурь зэргээс бүрдэнэ.
Их хааны “Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардастай, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл.
Сэнтийний төв хэсэгт Чингис хааны онги тамгатай наран, салхины угалзарсан дүрс бүхий саран, Чингис хааны бадраасан аугаа үйлсийг илэрхийлсэн салхинаас бадамлан урган гарч буй галын дүрслэл бий.
Энэ нь Их хааны үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр, улс үүрд оршихыг бэлгэджээ. 7 метрийн өндөртэй хөшөөг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн барималч Л.Болд Их хааны эш хөрөгт тулгуурлан Чингис хааныг Их Монгол Улсаа байгуулсан үе, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс байдлыг зохиомжлон бүтээсэн байна.
Их хааны дээл хувцас тэргүүтнийг түүхэн эх сурвалж, археологийн малтлага судалгаагаар олдсон баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлажээ.
Тухайлбал эш хөрөгт дүрсэлсэн малгай, богино ханцуйт гадуур дээлтэй, тэнгэрийг бэлгэдсэн үүлэн хээ бүхий дотуур дээлтэй, угалз хээгээр чимэглэсэн хавтага, хааны онги тамга бүхий хутга, өсөн дэвжихийн бэлгэдэл ургамлан угалз хээт алтан бүстэй, эгэл хийцтэй арьсан гуталтайгаар урласан байна.
Их хааны сэнтийг Бурхан Халдун уулын угалзарсан дүрст орой, мөнх тэнгэрийг бэлгэдсэн үүлэн хээт эмжээр, одод эрхэсийг бэлгэдсэн шувуун дүрст болон түмэн наст хээгээр чимэглэжээ.
Хөшөөг Италийн Флоренци хотын “Art’u di Gaetano Salmista” хүрлийн үйлдвэрт цутгасан байна.
Их эзэн Чингис хааны хөшөөний эх загварын “бүтээл ашиглах онцгой эрх”-ийг Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу Монголбанк эзэмшиж байгаа юм.
“Чингис хаан” музейд Их хааны алтан хөшөөг заллаа | ||
Үзсэн: 244 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.