Шууд Chart

“Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн Төрийн золголт ёслол төгөлдөр боллоо

2025-03-01 11:47:01

Монгол Төрийн золголт XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний (2025.03.01) өглөө ёслол төгөлдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн ёсолж, ашдын сайхан ерөөл билгийг хэлэлцэн, идээ ундааг дээжлэн шинэллээ.

Төрийн золголтод уламжлал ёсоор төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, гэрийн жавар үргээн, гарч буй өлзий буянт, өгөөмөр сайхан жилд төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг бэлгэдэн ерөөдөг. Энэхүү сайхан уламжлалыг ерөөлч, магтаалч, морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Ц.Соёл-Эрдэнэ гүйцэтгэж, төрийн хан хуурыг цэнгүүлэв.

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон, тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ,

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант Төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хөх Монголын хүндэт нумаа

Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа.

Шинийн нэгний билэгт сайхан энэ өдөр Төрийн золголтод Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, сар шинийн мэндийг айлтгалаа.

Урган төлжиж, ундран дүүрэхийн бэлгэдэлтэй Цагаан сарын баяраар Монгол төрийн тэргүүн болон Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар нутаг нутгийн төлөөлөл болсон ахмад настнуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд урин золгож, хүндэтгэн мэндчилдэг уламжлалтай.

Энэ жил Хэнтий аймгийн өндөр настан, 101 настай Донойн Гомбо, Өвөрхангай аймгийн уугуул, 91 настай Дашын Лхагва, Говь-Алтай аймгийн уугуул, 90 настай Тавхайн Баатар, 86 настай Долгорын Даваанамжил, Завхан аймгийн уугуул, 88 настай Очирын Рагчаа, 83 настай Бэгзийн Очирбат, Сүхбаатар аймгийн уугуул, 87 настай Цэрэндашийн Өлзийбаяр, Дорнод аймгийн уугуул, 84 настай Дугарын Рэнчинханд, Увс аймгийн уугуул, 82 настай Чилхаажавын Авдай нарыг хүндэтгэн урьж, тохой өргөн золголоо.

Нийтэлсэн: Сар шинийн баяр 2025

“Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн Төрийн золголт ёслол төгөлдөр боллоо  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй