
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн, сар шинийн өдөр Хуурай замын цэргийн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдадаа зориулсан “Цэргийн албаны сар шинэ” баярын хэмжээг зохион байгуулжээ.
Нэгтгэл, ангийн удирдлага сар шинийн өглөө дайчидтайгаа ургах наранг хамтдаа угтаж, үргэлжлүүлэн ангийн байрлалд нэгдсэн золголтыг зохион явуулсан байна.
Хуурай замын цэргийн нэгтгэл, анги бүр өөр өөрийн онцлог, хөтөлбөр төлөвлөгөөгөөр хугацаат албаны дайчдад үндэсний ёс уламжлалаа хүндэтгэхэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж, түрүүч, байлдагч нарыг ар гэрийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэх болон эргэлтээр уулзах боломж нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллалаа.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан хугацаат дайчдын нэгдсэн золголтыг ар гэрийнхэнд нь нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан бол олонх нэгтгэл, ангийн захирагч нар түрүүч, байлдагч нартай “Өв уламжлал гэдэг хүний оюун санаагаар дамжин өвлөгддөг учир Та бүхэн зан үйл бүхнийг мэддэг байх ёстой” гээд хөөрөглөх, ууц хөндөх тухай танин мэдэхүйн яриа дэлгэж, цэргийн албандаа улам өндөр амжилт гаргахыг ерөөсөн юм.
Энэ өдөр зарим авьяаслаг хугацаат цэргийн алба хаагч үндэсний дуу, бүжгээрээ онжавууддаа бяцхан тоглолт өргөн барьж, үндэсний уламжлалт наадгайгаар тоглож, нэгтгэл, анги бүрийн гал тогооны бүсгүйчүүд ширээ дүүрэн амттан, үндэсний зоогоор үйлчилсэн аж.
Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албанд угтсан сар шинийн баяр онцгой мэдрэмж төрүүлж байгааг дурдаж, Монгол хэмээх дархлааг илүү ихээр мэдэрч байгаадаа баяртай байна. Ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч нар маань түрүүч, байлдагч нартайгаа золгоно гээд үндэсний хувцсаараа гоёж, хүндэтгэл үзүүлж байгаа нь сайхан санагдлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.


Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб
“Цэргийн албаны сар шинэ" баярын арга хэмжээг зохион байгуулжээ | ||
Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.