Шууд Chart

"Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс – Феминист чиглэлийн гадаад бодлого” симпозиум Токиод болов

2025-03-04 13:01:20

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс – Феминист чиглэлийн гадаад бодлого” сэдэвт симпозиум Токио хотноо зохион байгуулагдав.

Симпозиумын үндсэн илтгэлийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сонордуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Эмэгтэйчүүд-энх тайван, аюулгүй байдал”-ын тухай тогтоол баталснаас хойшхи 25 жилийн хугацаанд багагүй ахиц дэвшил гарсан ч цаашид хийж хэрэгжүүлэх ажил улам их буйг онцоллоо. Тэрээр дэлхий дахинд эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалж, тэгш байдлыг баталгаажуулах, үүний тулд нийгэм, улс төр, олон улсын харилцааны үйл хэрэгт тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсныг тэмдэглээд “Эх дэлхийгээ бид уран барилга хэмээн төсөөлбөл энх тайван, амар амгалан, алс ирээдүйн төлөөх ухаанаа шингээсэн архитектор нь эмэгтэйчүүд юм” гэв.

 

Мөн түүхийн хүнд бэрх цагт ард олноо манлайлж, улс орныхоо оршин тогтнолыг хамгаалаад зогсохгүй хөгжил цэцэглэлтэд хөтөлсөн монгол, японы ухаант хатдын үйл хэрэг өнөө ч үлгэр дуурайл болж буйг тайлбарласан нь оролцогчдын сонирхлыг татлаа.

Түүнчлэн Монгол Улс феминист гадаад бодлогыг дэмжин, эмэгтэйчүүдийн манлайлал, энх тайван, аюулгүй байдлын асуудалд бодит хувь нэмрээ оруулж буйг тодорхой жишээгээр тайлбарлав.Үндсэн илтгэлийн дараах хэлэлцүүлгийн явцад “Эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь тэднийг хамруулсан арга хэмжээ, тэдэнд олгосон албан тушаалын талаарх статистик тоо огтхон ч биш, харин манлайллыг нь бодитоор хүлээн зөвшөөрөх ухамсар, сэтгэлгээний өөрчлөлт юм” хэмээн Гадаад харилцааны сайд тэмдэглэснийг хүрэлцэн ирсэн зочид талархан дэмжиж, онцолж байлаа.

Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриалсан уг симпозиум НҮБ-ын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яамны 


"Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс – Феминист чиглэлийн гадаад бодлого” симпозиум Токиод болов   
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй