Шууд Chart

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар албан ёсны хэлэлцээ хийв

2025-03-05 11:46:39

Япон Улсын Гадаад хэргийн яамны хүндэт зочны хувиар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа-тай 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы хоёр талын харилцаа, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газар, ард иргэд Монгол Улс дахь ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд манай Төр, Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг онцлов. 

Талууд Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” бүхий л чиглэлд гүнзгийрч, дээд, өндөр түвшинд улс төрийн итгэлцэл бэхжиж буйгсайшааж, энэхүү түншлэлийн 10 жилийн замын зураглал болсон “Үйл ажиллагааны 2022-2031 оныхөтөлбөр”-ийн бодит хэрэгжилтийг хангаж, ойр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.  

Энэ хүрээнд цаашид бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг тэлэхэд нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. 

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анхны түүхэн айлчлал хийхээр болж буйд Монгол Улсын Төр, Засгийн газар өндөр ач холбогдол өгч, гүнээ талархалтай байгааг онцолж, талууд айлчлалын бэлтгэлд тусгайлан анхаарал хандуулж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Талууд хоёр улсын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд тогтмолжиж,  батлан хамгаалах салбарын харилцааны эрх зүйн үндэс бэхжиж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт үзүүлж буй дэмжлэг тусламжийн цар хүрээ өргөжиж буйг сайшаав. 

Монгол, Японы Гадаад харилцааны яамны газар нэгж хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, ахлах, дунд шатны болон залуу албан хаагч хоорондын солилцооны хөтөлбөр, арга хэмжээ амжилттай хэрэгжиж буйг цаашид тогтмолжуулан өргөжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. 

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлээд буйд талархал илэрхийлэв. 

Талууд манай хоёр улсын найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг нааштайгаар судалж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх талаар ажил хэргийн түвшинд үргэлжлүүлэн санал солилцож ажиллахаар ярилцав. 

 “Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэнд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, энэ оны 07 дугаар сарын 27-ны өдөр болох Монгол Улсын Үндэсний өдөрлөгт өндөр түвшний төлөөлөл оролцуулахаар ажиллаж буй гээд үзэсгэлэнгийн арга хэмжээнд амжилт хүсэв. 

Талууд Монгол, Японы “хүн төвтэй” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр тохиролцов.  

Сайд Т.Иваяа Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн хүрээнд боловсон хүчин бэлтгэх төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэх,  ”JENESYS” хөтөлбөр, “Япон, Монголын оюутны форум” солилцоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэж, энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улсын Засгийн газраас үргэлжлүүлэн тууштай дэмжихээ илэрхийлэв.

Байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, хүрэн нүүрсээс ус төрөгч гаргах, ус төрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв. 

Талууд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хорооны ээлжит III уулзалтуудыг Токио хотноо зохион байгуулахад нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд гарал үүслийн гэрчилгээг цахимжуулах зэрэг ахиц гарч буйг сайшаав.

Талууд бүс нутаг, олон улсын талбарт идэвхтэй хамтран ажиллаж буй бөгөөд НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. 

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” болон “Агаарын бохирдол хэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн тухай хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурав. 


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар албан ёсны хэлэлцээ хийв  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 9 цаг 17 минутын өмнө
Ганц зэсийн үйлдвэр барих тухай дууграач дээ.

Бидэнтэй нэгдээрэй