
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Токио хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Японы мэдээллийн технологийн “ICT-2025” өдөрлөгийг нээж, үг хэлэв.
Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улс ногоон шилжилт, өндөр технологийн хөгжлийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгоход онцгойлон анхаарал хандуулж буйг тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар эдгээр чиглэлд Япон Улсаас хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, шинэ технологи, инновацын шийдлийг нэвтрүүлэх, мэдээллийн технологийн инженер, мэргэжилтэн бэлтгэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, эрчимжүүлэх зэргээр нягт хамтран ажиллахад чухал ач холбогдол өгч буйг онцлов.
“ICT-2025” өдөрлөгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар оролцож, “Монгол, Японы эдийн засаг, технологийн стратегийн түншлэл” сэдвээр илтгэл тавьж, “Хүннү ухаалаг хот”, “Sandbox өндөр технологийн бүс” төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Уг арга хэмжээнд Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Улаанбаатар хотын захиргаа болон “Анд глобал”, “GMO-Z”, “Монгол, Японы IT консорциум”, Токио хотын Шинагава дүүргийн “Годанта хөндий”, “Таб солюшн”, “Мирай тек” ХХК тэргүүтэй албаны болон хувийн хэвшлийн нийт 50 гаруй төлөөлөгч оролцож байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “ICT-2025” өдөрлөгийг нээж үг хэлэв | ||
Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.