
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Токио хотноо Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Сайд Б.Батцэцэг мэндчилгээндээ Монгол, Японы харилцааны хөгжилд гар бие оролцож ирсэн найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн үе үеийн төлөөллийн сэтгэл, зүтгэлийн үрээр манай хоёр улсын харилцаа эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцолж, чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.
Тэрбээр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анхны түүхэн айлчлал хийхээр болж буйд Монгол Улсын Төр, Засгийн газар өндөр ач холбогдол өгч, гүнээ талархалтай байгааг онцолж, энэхүү эрхэм айлчлал нь найрсаг харилцааны “тулгын чулуу” болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлж, харилцааны өнөөг хүртэлх ололт амжилтыг улам бататгахад түүхэн ач холбогдолтой болно гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.
Тус арга хэмжээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн болон Зөвлөхүүдийн танхим дахь найрамдлын бүлгийн гишүүд, Гадаад хэргийн дэд сайд, үе үеийн Элчин сайд нар болон олон нийтийн байгууллага, найрамдлын нийгэмлэг, хувийн хэвшлийн төлөөлөл 100 гаруй хүн оролцов.
Сайд Б.Батцэцэг мөн Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга Цүбай Хироюки-г хүлээн авч уулзаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнес, аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар үр бүтээлтэй яриа өрнүүллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон, Монголын Найрамдлын нийгэмлэгүүдийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов | ||
Үзсэн: 271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.