Шууд Chart

“Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдааны шилдгүүд тодорлоо

2025-03-06 14:28:58

“Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдааны хүндэтгэлийн тоглолт 2025 оны гуравдугаар сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо.  

Хүндэтгэлийн тоглолтод шалгарсан шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчид, дуу оруулагчид уншиж, Т.Дэлгэрмөрөн, Г.Энхнаран, П.Жимсээ, Э.Чулуунчимэг зэрэг олны танил дуучид ая дуугаа өргөлөө.

МҮОНТ-ээс санаачлан зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” уралдааныг зохион байгуулагдсан цагаас хойш нийт 30000 гаруй захидал ирсэн байдаг. Энэ жилийн хувьд 13 дахь удаагаа болж байна. Эх орны дөрвөн зүг найман зовхис болон гадаадаас ижийдээ хаягласан 1215 захидал иржээ.

“Ээждээ захидал бичээрэй” уралдаан жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой болдог. Энэ жил хөдөө орон нутгаас захидал бичсэн оролцогчид их байлаа.

Швед, Англи, Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаас захиа ирсэн байна. Нийт захидлуудын агуулга нь ээжийгээ санасан, үгэнд нь орж байгаагүйдээ харамссан, алдаа гаргасандаа гэмшсэн, уучлалт гуйсан, их зүйлийг ойлгож ирээдүйд зөв сайн хүн байхаа амласан, амьдад нь хайрлаж байхгүй яав даа гэсэн санааг илэрхийлсэн байжээ. Мөн өөрөө өндөр нас зооглож байгаа ч ижийгээ санаж бэтгэрч байгаа тухай бичсэн захидал ирдэг байна. 

“Ээждээ захидал бичээрэй”  уралдааны шүүгчээр МЗЭ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Бидэрийн Баярсайхан, Болор цомын эзэн, яруу найрагч С.Начин, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Жамбалдорж нар байлаа.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл, МҮОНТ-ийн захирал М.Эрдэнэбат, "Монголын мэдээ" сувгийн захирал Р.Гандиймаа нар шилдгээр шалгарсан захидлын эздэд баяр хүргэж, шагналыг нь гардууллаа.

Тэргүүн байрын шилдэг захидлаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын хоёрдугаар багийн малчин Цэрэнгийн захидал шалгарсан бол дэд байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай сургуулийн 4-р ангийн сурагч Ганхуягийн захидал шалгарчээ.

Харин тусгай байрт Н.Баярхишиг, Н.Мандахбаяр, Д.Гончиг, Д.Алтанцэцэг, Н.Даваамарал, М.Нарансолонго, Т.Нарангэрэлт, Я.Ганболд нарын захидал тодорчээ.

Тэргүүн байрт шалгарсан н.Цэрэн “Би Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2-р багаас оролцсон. Энэ сайхан уралдаанд амжилттай оролцоод маш их баяртай байна. Энэ уралдаанд гурван сайхан ээждээ захидал бичиж оролцлоо. Намайг төрүүлж өсгөсөн наран ижий, намайг сургаж хүмүүжүүлж амьдралын минь зам мөрт хөтөлсөн саран ижий, алаг хөөрхөн үрсийн минь эмээ, халамжит ханийн минь ижий хадам ээж гээд гурван сайхан ээждээ захидал бичиж оролцлоо. Анх удаагаа энэхүү уралдаанд оролцоод тэргүүн байрыг хүртлээ” гэв.

“Ээждээ захидал бичээрэй” хүндэтгэлийн тоглолтыг МҮОНТ-ээр 3-р сарын 8-ны 18:25 минутаас хүлээн авч үзээрэй.

Тэргүүн байрт шалгарсан захидлыг хүргэе. 

Сайн байна уу? Захиа очих өдрийн мэндийг хүргэе.

                                                                        Бурханы оронд суугаа хайрт ээждээ зориулав

 Би энэ хорвоод гурван сайхан ээжтэй хүн. Наран ижий, Саран ижий, хадам ижий гээд л..... Энэ гурван сайхан ижийдээ захидал бичиж сууна.Намайг түрүүлсэн бөн бөн бүүвэйлэн зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн миний сайхан наран ижийг Гүндсамбын Цэрэнханд гэдэг.Та минь амгалан хөх тэнгэртээ амар тайван нойрсож байна уу та минь санаж байна уу? Тэртээ 1975, 1976 онуудын дурсамж сэтгэлд бүүр түүрхэн. Бага ч байж дээ. Манайх Богд сумын нутагт Хариулт хэмээх газарт намаржиж. Би тэгэхэд 2 дугаар ангийн сурагч таныхаа урлаж өгсөн даалимбан цүнхийг үүрээд мориор хичээлдээ явах. Нэг өдөр сургуулийн хашаанаас морио уячхаад хичээлдээ орох гэтэл цүнхтэй юм байдаггүй гэртээ мартчихаж. Буцаад л гэр лүүгээ давхисан 8, 9км газар. Ээж та минь цүнхтэй ном бариад урдаас тосож ирээд миний охин үүнээс хойш цүнхтэй номоо битгий мартаарай гээд л духан дээр минь үнсэж билээ.

Өвөл болж манайх Хуц хайрханд буулаа. Тэгэхэд та минь цаанаа л нэг зовуурьтай үе үе л хэвтэж байдаг болсон байлаа. Би Сэрээнэндорж ахын сургуульд. Эгч минь надаас 7 эгч 8 дугаар ангиа төгсөөд хөдөө илгээлтээр гарсан байлаа.Нэг өдөр гэртээ ирэхэд та минь аавтай хот явж эмчлүүлэхээр болсон байлаа. Ээж нь түргэн эдгээд ирнэ ээ гээд явахад эгч бид 2 өөр хэн ч байлаа санадаггүй. Хэчнээн их уйллаа. Гэрийнхээ хаяанд суучхаад уйлаад байсан уйлаад л байсан. Бараг өдөржингөө уйлсан. Хүний зөн совин гэж....Хэдхэн өдрийн хойно таныг хотоос ирэх нь гээд хүмүүс ирээд эгч бид 2-ыг шөнө аймаг аваад явсан. Маргааш өглөө таныг том цагаан онгоцноос улаан хайрцагтай буухыг суулчийн удаа харсан. Одоо ч нүдэнд тодхон Тийм ээ ээж ээ та бид 2 хорвоогийн жамаар үүрд салсан даа. Эх үрийн хагацлыг ханатлаа амсаж, муу аав, эгч хоёрынхоо сэтгэлийг их ч өмрүүлсэн дээ. Таныгаа санахын ихээр санаж, шөнө нь зүүдэлж, өдөр нь чулуугаар гэр барин тоглож таныгаа чулуугаар орлуулан "Ээж ээ, цай уу, бие чи яаж байна" гээд л тоглох, хавар мал төллөхөөр нялх хурга ишгээ хүүхэд болгон ээждээ ирж үнсүүл гээд л тоглох таныгаа бэтгэртлээ санаж үс маань хүртэл угаасаа цайж ёстой үсээ цайтал санана даа. Намайг жаахан байхдаа их уйланхай хүүхэд байсан гэж айл саахалт байсан ах эгч нар ярьдаг. Би хэдтэй байсан юм. Одоо бодоход та араг үрээд аргал түүх,би  араас нь гүйцэхгүй өнхөрч унаад уйлаад гүйгээд байсан шиг санагддаг. Ээж таныгаа бага ч болов зовоож байсан бол уучлаарай. Манайх хүүхэд тогтдоггүй айл. Эгчийг өргөн аваад би гарсан гэдэг. Миний ээж ч хэзээ хойно заяасан ганц үрдээ түүртэх нь битгий хэл үүрийн таван жингээр тэмээ хомноод Загийн хоолой руу тэшүүлээд, өглөө нар мандахад гаднаа буулгаад зогсож байдаг байсан гэж ах дүү нар ярих. Ийм л дайчин ажилсаг ээж байж дээ.Дээл, хувцас, гутал бүгдийг өөрөө хийнэ. Танаас өвлөж дуурайсан юм гэвэл охинд нь тун цөөхөн. Харин өглөө эрт босно.Таны минь.Захиж байсан нэг л зүйл одоо санаанаас ч гарахгүй. Манайх голдуу үхэр, тэмээ, адууны аргал түлэх, өвөл бол заг, хожуул.Харгана түлэх "Миний охин гал түлэхдээ аргалын газар унасан хавтгай талыг нь доош харуулан төлж байгаарай" гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гарахгүй, Гал түлэх болгондоо таны хэлсэн үг санаанаас гарахгүй. Дандаа бодож юу гэсэн учир утгыг нь ч сайн мэдэхгүй. Тэгэхдээ одоо бол их гүн гүнзгий эерэг утгаар нь ойлгож суугаа.Ээж ээ таныг бурхны оронд зориход охин нь үсээ 2 салаа сүлжсэн жаахан амьтан байж дээ. Одоо үс нь буурал суусан 60 дөхөж байгаа эмээ 50 жилийн дараа таньдаа захиа бичиж сууна. Хүн нас ахиж ухаан тэлэхийн хэрээр аав ээжийгээ ямар их бодож санадаг юм бэ. Таныгаа зүүдэлж зүүдэндээ уулзах юм сан гэж маш ихээр боддог. Тэгтэл саяхан нэг өдөр та минь ирээд надтай Уулзах гэж ирж. Би тэгтэл ахиад ирэхээр нь уулзъя гээд очоогүй эгч уулзлаа гэж яриад сэрчихсэн. Сэрээд өөрийгөө зүхээд очоод Уулзахгүй яав даа гээд халаглаад өөрийн эрхгүй л нулимс асгарч өглөө 5 л болж байсан. Босоод шууд тандаа захидал бичихээр шийдсэн. Та минь давхраатай алаг том нүдтэй, Яралзсан цагаан шүдтэй жавхалсан бор хүүхэн байсан санагддаг. зураг нь ч яг дүрээрээ. Охин нь сайхан аав ээжийн ерөөлөөр 4 хөөрхөн үр халамжит ханьтай, одоо хүргэн бэр ач, зээ гээд арав нилээн гарсан халуун ам бүл болсон. Таны минь дайчин ажилсаг нинжин зөөлөн сэтгэлийг дуурайсан хөөрхөн үрс байгаа. Ачит ижий минь дээ тандаа охин нь ямар их өртэй билээ.Үр нь болж заяачхаад нэг ч өглөө босож нэг ч удаа цай чанаж өгөөгүй. Азгүй үр нь их л юм бодох юм. Та минь амьд сэрүүн байсан бол охин нь дэргэдээ авч өглөө бүр цайг нь чанаж унтах бүр хөлийг нь хучиж байнга л бүлээн дулаан үгээр чимхийн нь чихийг нь мялааж, ажил үйлс, амьдрал ахуй, үр ачаар нь сэтгэлийг нь мялааж ханатал жаргаах сан даа ээж та минь. Бурхны орноос охиндоо Саран ижий Хадам ижий гээд 2 сайхан ээжтэй учран золгуулсанд баярлалаа.

     Сайн байна уу? Миний сайхан саран ижий минь. Миний саран ижийг Даваахүүгийн Цагаан гэдэг сайхан ижий байлаа. Нэг өдөр аав минь миний охин ээжтэй болбол сайхан уу? гэж Асуухад би ухасхийгээд Тэгвэл гоё оо гэж билээ. Хаврын нэг өдөр аав маань саран ээжийг минь нүүлгэж ирсэн тэр цагаас хойш би ээжийгээ ярьж дэмийрэхээ больсон санагдана. Миний Саран ээж мөн л заяасан ганц сүр ижил ханиа алдсан өрөвдөлтэй эх байсан юм. Надаар үр хийж ааваар минь хань хийж сэтгэл нь овоо цагааширч дуу шуу орж хонинд хамт явахад дуулах, инээх, тоглох гээд хээр их л хөгжилтэй байдаг байсан. Эгч алиа хошин хөгжилтэй ээж.  Ээж ээ аав та бид 3 эгчийн том хүүг өргөж аваад ам бүл 4 болж билээ. Аав минь юм л бол үхрийн бөөр шиг хэдэн амьтан яаж амьдарна даа гэж гэдэг байж билээ. Аав минь 8 дугаар ангид байхад өөд болж та дүү бид гурав хөдөө малтай. Би сургуульд ёстой л амьдралын төлөө зүтгэсэн дээ. Ээж ээ тандаа охин нь маш их хайртай. Намайг сургууль соёлд явуулж, амьдрал ахуйд сурган амь амьдралын минь хөтөч болж өгсөнд маш их баярлаж явдаг даа. Та бид 2977-гоос 2005 он хүртэл 28 жил ээж охин явжээ. Таныг ээж ээ гэж хэлж чадахгүй дандаа л эгч гэх. Сүүлд хань ижил, үр хүүхэдтэй болоод 1990 оноос л ээж гэж хэлж сурсан даа. Хань ижил таныг юу гэж дуудах билээ? Үр хүүхэд намайг дуурайгаад эгч гэчих вий дээ гэж боддог юм билээ. Ээжийн охиноо уучлаарай. Таныгаа зовоож, гомдоож, уурлуулж байсан бол. Миний хөөрхөн үрс таныг эмээ гэхээр нэг л их дургүй. Буурал ээж гэж дууд гэдэг байлаа. Та минь миний хөөрхөн үрсийн хайртай буурал ээж нь байлаа. Би тусдаа гарч та минь дүүтэй амьдрах. Дүү маань айл гэр болж ам бүл нэмж сайхан амьдарч байсан. Тэр 2002 оны намар дүү маань өвчний улмаас нас барж та бид 2-т нөхөж баршгүй уй гашуу тохиож билээ.Та минь тэгэхэд шүд 100 дотогшоо өмөрч ямар ч нулимсгүй болсон том алаг нүдээ эргэлдүүлж байж билээ. Та бол хат сууж хатан ухаанаар хорвоогуулсан гайхамшигтай ээж. Одоо ч айл саахалт ах дүү нар таны ажилсаг алиа хошин занг дурссаар. Та минь ямар их ажилсаг хор шартай билээ дээ. Намайг үүр хаяармагц босгож, уурандаа цайгаа нүдэж, дуугараг гэх. Нэг ёсондоо айлаасаа эрт боссон гэдгээ мэдэгдэж байгаа хэрэг. Мөн галаа ноцоох гээд чүдэнзээ олон хавирвал чүдэнз бараад нэг л чүдэнзээр галаа асааж сур гээд хэлэх. Энэ нь аргалаа сайн түүж сэрүүхэн аргал модоор галаа хурдан ноцоож бай.Яндангаар нь утаа саагаад, гал нь ноцохгүй, айл муухай гээд л. Наад захын ажилд мөн ч сайн сургаж дээ. Таны бие тааруу байхад байнга л хоол цай зөөж эргэж тойрон тэр ч байтугай явж чадахгүй байхад эмнэлгээс таныгаа үүрээд гарч байсан. Хажуу хашаанд бэр хүүхдүүдтэйгээ байхад байнга өргөж асарч өглөө бүр хярам цай бариад үүрээр ороход та мөн ч их баярлаж байдаг сан. Энэ өчүүхэн бүхнээр таны ачийг бага ч гэсэн хариулсан гэж сэтгэлээ зогоож явах юм даа. Та бол миний хэмжээлшгүй ачтан сайхан саран ижий юм даа.

     Сайн байна уу? Миний сайхан хадам ээж минь 1989 онд сургууль төгсдөг жилээ ханьтайгаа айл гэр болж сайхан хадам ээжтэй болсон. Миний хадам ээжийг Цэвэгдоржийн Лхагвадулам гэж 13 төрж 10 хүүхдийг өсгөж өндийлгөсөн сайхан буянтай ээж байлаа. Миний хань айлын 3 дахь нэг эгч, нэг ахтай, 7 сайхан дүүтэй. Ээж тандаа маш их баярлалаа.Амь амьдралын минь утга учир баяр баясал, аз жаргал болсон сайхан хүү төрүүлж, насаараа ханилан, жаргал зовлонгоо хуваалцах хань заяасан их баярлалаа. Амьдралын нарийн утга учрыг сайн мэдэхгүй уурлан гомдоллож маргалдаж таныг бишгүй л зовоож байсан. Уучлаарай ээж ээ та минь ямар их ажилсаг билээ. Хот хотоор мал багширсан зэл, зэлээр унага, тугал уясан тогоо, тогоогоор сүү хөөрүүлсэн, сав саваар өрөм, архи, ааруул хураасан ёстой хөдөөгийн амьдралыг бялхааж явжээ. Ийм л ажилсаг амьдралтай сайхан айлын бэр болон очиж байж билээ. Түүнээс хойш 36 намрыг үдэж 36 хаврыг угтжээ. Таныг минь амьд сэрүүн байхад хань минь хөдөө ба төвд ажилтай. Залуу насанд 2 газар амьдарч хүүхдүүд жаахан байхад та 2 минь нэг нь хөдөө нэг нь төвд яаж амьдарна даа гээд л санаа зовдог байж билээ. Уучлаарай ээж ээ тандаа бэр охин нь маш их баярлаж байна. Хүүхдүүдийг минь жаахан байхад дээл хувцас хийж өгөөд бас харж өгөх. Бид хоёрыг хоол унд, ааруул, тос гээд л цагаан идээ байнга зөөх. Хүнсний цагаар бол толгой Шийр хуйхлаад өгнө гүзээгээр тос саваар архи хийгээд цагаан сарын бэлтгэлийг мөн ч сайн хангадаг байж дээ та минь. Таныгаа амьд сэрүүн байхад баярлалаа гэж хэлж чадаагүй тэнэгхэн бэр нь одоо тандаа захидал бичиж сууна 10 сар тээж ангир уургаа шимүүлсэн Наран ижий минь Амьдралын их замд зааж сурган хүмүүжлсэн Саран ижий минь алаг хөөрхөн үр халамжит сайхан ханийг минь бэлэглэсэн хадам ээж минь Та гурвыгаа гуутай зургандаа бурханчлан тахиж өглөө бүр цай сүүний дээжээ өргөн, мөргөн сүслэж үдэш бүр зулаа өргөж одод тэнгэртээ сүүгээ өргөн ерөөл хүсэн залбирч явна аа охин нь.  Гурван сайхан ээжийнхээ хайр энэрэл буян ерөөлөөр охин нь сайхан амьдарч хүүхдүүдийн дуу цалгисан. Эрдмийн өргөөнд 30 жил ажиллаж, төлийн дуу хангинасан малчны хотонд 10 дахь жилдээ ажиллаж 2024 оны аймгийн хошой аварга малчин болоод сайхан амьдарч байна. Ээжүүддээ баярлалаа. Туулсан амьдралыг минь бүтээлцсэн гурван сайхан ижий минь. Тулж түшиж явах тулгын 3 чулуу нь та 3 юм. Тун чиг холоос гэрэлтэх өнгөт од нь та гурав юм. Хойч ирээдүйдээ захиж хэлэхэд ээжтэйгээ байгаа нь амьд сэрүүнд нь баярлуулж, өдөр бүр ярьж, ээжийгээ уурлуулж гомдоох нь битгий хэл сэтгэлийг нь бүү зовоогоорой.Ээжгүй болсон бол өглөө бүр ээжтэйгээ ярьж цай сүүнийхээ дээжийг өргөж сэтгэлээ засаж яв даа.

Гурван сайхан ээжийгээ санах өнгөрүүлсэн амьдралаа ярих дурсах боломжийг олгосон Соён гэгээрлийн буянтай ажил зохион байгуулсан МҮОНРТ-ийн хамт олонд маш их баярлалаа. Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн эрүүл энх саруул сайхан байхыг ерөөе.

                                                                                                                                       Захидал бичсэн:

                                                      Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн малчин Цэрэн.

Нийтэлсэн: О.Ундармаа

“Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдааны шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 1 минутын өмнө
Нүдэнд харагдтал нүдэндээ нулимс цийлэгнүүлэн уншиж сонордлоо баярлалаа таньд .
Зочин [127.0.0.xxx] 5 цаг 51 минутын өмнө
Захидлын шалгаруулалт нээлттэй болдог бол гоё байхсан. Маш их хүлээлттэй байсан юм. Ер нь хараад байхад бурхан болсон ээждээ зориулсан захидал жилийн жилд түрүүлэх нь сонин.
Зочин [127.0.0.xxx] 5 цаг 59 минутын өмнө
Миний найз гайхалтай сайхан бичжээ, баяр хүргэе.

Бидэнтэй нэгдээрэй