
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үндэсний валют ямар нэгэн хяналтгүйгээр гадагш шилжиж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, магадлалыг урьдчилан тооцоолж үр дүнг таамаглах боломжтой спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, харин спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглох талаар тус хуулийн төсөлд тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зохицууллаа.
Мөн мөрийтэй тоглоом болон хууль бус бооцоот таавар, тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө худалдах, худалдан авах бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага болон Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд нэг зуун мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг зөрчлийн шийтгэлийг чангатгахаар, Банкны тухай хуульд нэмэлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагааг яаралтай зохион байгуулж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг байхаар тусгажээ.
ЗГ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ | ||
Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.