Шууд Chart

БНЧУ-тай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

2025-03-10 12:15:53

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг удирдан явууллаа.

Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Монгол Улсын иргэд олноор зорчиж, амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж буй улс орнуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулахад Засгийн газар анхаара хандуулан ажиллаж байгааг сайд Н.Учрал дурдаад, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн агуулгыг товч танилцууллаа. Хэлэлцээрийн төсөлд талуудын хамтран ажиллах хүрээ, тусгай хэлбэрүүд, мэдээлэл солилцох, харилцан зөвлөх, дэмжих, дадлага сургуулилалт, сургалт хийх, шаардлагатай эгээдийг хамгаалах, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгасан байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд талууд өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэж, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болох юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их хурлын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Улсын Их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир манай улс гадаадын ямар ямар улсуудтай ийм хэлэлцээр байгуулаад байгаа, хэлэлцээр байгуулах санаачилгыг аль талаас ихэвчлэн гаргаж байгааг болон монгол иргэдийн холбогдож буй хэрэг, зөрчлийн талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал харилцан солилцож буй мэдээллийн нууцлал, түүнийг хамгаалахтай холбоотой асуудлыг хөндөв. Улсын Их хурлын гишүүдийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Цагдаагийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг нар хариулт, тайлбар өглөө.

Байнгын хорооны хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


БНЧУ-тай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй