Шууд Chart

Шүүхийн байранд иргэдэд зөвлөн туслах эрх зүйн хөтөч ажиллаж эхэлжээ

2025-03-13 09:32:49

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Монгол Улсад шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгоор шүүхийн байранд иргэдэд зөвлөн туслах эрх зүйн хөтөчийг туршилтаар ажиллуулж эхэллээ.

Энэ туршилт 2 дугаар сарын 24-нөөс эхэлжээ. Шүүхийн байранд ажиллаж буй эрх зүйн хөтөч нь нэхэмжлэл бичих заавар, шаардлагатай баримт бичгийн талаар тайлбарлах, “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэл”-ийн талаар зөвлөх, улсын тэмдэгтийн хураамж тооцох, төлөхөд туслах, “Гэрэгэ киоск” машиныг ашиглах аргачлал заах, нэхэмжлэл хуваарилагдсан шүүгч нэр, шүүгчийн туслахтай холбоотой мэдээлэл өгөх, Шүүхийн архиваас лавлагаа, тодорхойлолт авахад туслалцаа үзүүлэх зэргээр иргэдэд шүүхийн үйлчилгээг хялбар, ойлгомжтой байлгах чиглэлээр  үүрэг гүйцэтгэж байна.

 

 

Нийт 17 хөтөч дөрвөн багт хуваагдан, 4 дүгээр сар хүртэл ажиллах юм.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр энэ хугацаанд үйлчлүүлсэн иргэдийн 50 гаруй хувь нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн загвар бөглөх, хаана, ямар шүүхэд хандах, хэргийн шийдвэрлэлтийн явц, холбоо барих мэдээлэл авах зэрэг асуудлаар хөтөчдөд хандаж байна.

Энэхүү туршилтын үр дүнд шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдийн ажлын ачаалал буурсан, иргэдийн сэтгэл ханамж дээшилсэн, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан гэсэн эерэг нөлөө үзүүлж байгааг холбогдох албаныхан онцолж байна.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Шүүхийн байранд иргэдэд зөвлөн туслах эрх зүйн хөтөч ажиллаж эхэлжээ  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй