
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр багтан ажиллалаа.
Айлчлалын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр БНПУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Чеслав Секерскитэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын Ерөнхийлөгч нарын хооронд харилцан тохирсон хүнс, хөдөө аж ахуйн салбарын хоёр талт хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.
Талууд сүү, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тарьж, ургуулах зэрэг хүнсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, салбарын хамтарсан судалгаа-шинжилгээ хийх, хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.
Түүнчлэн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, харилцан ашигтай, дутуугаа нөхөх, хамтран хөгжихийг эрхэмлэн ажиллахаа хүлээн зөвшөөрч, хоёр сарын дотор тодорхой ажлын төлөвлөгөө гаргахаар харилцан тохиролцлоо.
Европын Холбоог гишүүн улс орон бүр ээлжлэн даргалдаг тогтолцооны дагуу энэ жил БНПУ даргалж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаргах гарц, гүүр нь болж, боломжийг бий болгоход дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
БНПУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Чеслав Секерски нь хөдөө аж ахуйн эдийн засгийн ухааны доктор, их сургуулийн профессор бөгөөд улсынхаа хөдөө аж ахуйн салбарыг Европын Холбооны худалдаа, эдийн засгийн интеграцчлалд бэлтгэх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Монгол Улс, БНПУ хөдөө аж ахуйн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана | ||
Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.