
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг албажуулан баталлаа. Улаанбаатар хотод 200 мянга орчим айл өрх хатуу түлш хэрэглэж байгаа.
Мөн Автотээврийн улсын бүртгэлд бүртгэлтэй 804 мянган машинаас өдөрт 500-600 мянга нь хөдөлгөөнд оролцож байна. ТЭЦ2, ТЭЦ3, ТЭЦ4 болон Амгалангийн дулааны цахилгаан станцууд мөн агаарын бохирдол үүсгэж байна. Үүнээс гадна 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим дунд оврын уурын зуух агаарын бохирдол үүсгэж байна. Иймээс 200 мянга гаруй айл өрхийн хатуу түлшний хэрэглээ агаарын бохирдлын 56-гаас доошгүй хувийг эзэлж байна. Өнөөдрийн хуралдаанаас 2025-2026 онд шилжих өвөлжилтийн бэлтгэх хангах чиглэлээр 32-50 орчим мянган айлыг хийн түлшинд шилжүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа.
Ингэхийн тулд айл өрхүүдийг дулаалгын стандартад нийцүүлэх, дулаан алдалтыг бууруулах, айл өрхүүд өөрсдөө хатуу түлшнээс татгалзсан тохиолдолд нийслэлээс айл өрхүүдэд хийн түлшний зуухыг суурилуулж өгнө. Мөн халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15- н хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгохыг өнөөдрийн тогтоолоор албажууллаа.
Бид айл өрхүүдийг стандартын шаардлага хангасан, дулаан алдалтыг бууруулсан тохиолдолд л хийн зуух руу шилжих шилжилтийг хийхээр төлөвлөж байгаа. Дээр нь бүх яамдын чиг үүрэгт агаарын бохирдлыг бууруулах асуудлыг тусгасан байдаг учраас айл өрхүүдэд дулаалгын стандартыг сахиулах чиглэлээр яамдыг хуваарилан ажиллуулах болсон. Мөн айл өрхүүдийг хийн түлшинд шилжихэд төрийн цэргийн байгууллагууд болон төрийн өмчит компаниудыг дэмжлэг үзүүлэн ажиллахыг энэхүү тогтоолд тусгасан" гэв.
Х. Нямбаатар: Айл өрхүүд хатуу түлшнээс татгалзсан тохиолдолд нийслэлээс хийн түлшний зуухыг суурилуулж өгнө | ||
Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.