Шууд Chart

ЗГ: Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа

2025-03-19 14:18:33

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 19-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Тухайлбал, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах зорилгоор төрийн өмчит компаниудын 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас мега төслүүдээс бусад төслийг эрэмбэлж, зарим зардлыг хойшлуулах зохицуулалт хийх, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэх, “Ханги-Мандал” чиглэлийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, БНХАУ-ын талтай экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

Мөн мах, гурил, хүнсний ногоо зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой өсөлтийг хангаж, үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгаж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Сангийн сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, шаардлагатай асуудлаа хэлэлцүүлэн ийн шийдвэрлүүлж байх юм байна. 


ЗГ: Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа   
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй