
Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгийн гишүүд өнөөдөр гүйцэтгэх багийнхаа гишүүдийн хамт Эрчим хүчний зохицуулах хороо, тус хорооны Ажлын албаны бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн хуралдаан хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгийн ахалж буй тус ажлын хэсгийн дэргэд цахилгаан, дулааны эрчим хүчний инженер мэргэжилтнүүд, хуульчдаас бүрдсэн гүйцэтгэх баг ажиллаж байгаа юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиуд, тус салбарт мөрдөгдөж байгаа 800 орчим журам, дүрмийг судалж, зүйл, заалт нэг бүрээр хэрэгжилт, түүний үр дагаварыг дүгнэхэд ажлын хэсэг онцгой анхаарсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг танилцуулсан юм. Мөн хэрэглэгчдийн гомдол, санал, шүүхийн маргаануудыг хүртэл нарийвчлан судалж, хууль, журмаар зохицуулагдаагүй харилцаа, салбарын оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авах нэг сарын аяныг зохион, 200 гаруй санал хүлээн авсан байна.
Үүний дараа ажлын хэсэг манай улстай ижил төстэй нөхцөл, хөгжлийн түвшин, эрчим хүчний салбарын ойролцоо бүтэц бүхий улс орнуудын хууль, эрх зүйн орчин, зах зээлийн тогтолцоог судлан үзэж, үүний тулд 20 гаруй улс орноос Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Перу, Эстони улсуудыг сонгон, эдгээр улсуудын эрчим хүчний хууль тогтоомжийг орчуулжээ. Уг сонголтыг хийхдээ хуулийнх нь концепц, либералчлал хийгдсэн эсэхийг мөн харгалзан үзсэн байна.
Судалж үзсэн улс орнууд бүгдээрээ цахилгааны болон дулааны эрчим хүчний хуулиуд нь тусдаа, мөн салбарын харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулсан байгааг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг онцолсон юм. Иймд эдгээрийн хуулийн төслүүдийг тус тусад нь бие даасан байдалтайгаар боловсруулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байгааг тэрбээр танилцуулав. Түүнчлэн, хууль, түүний зохицуулалт нэгэн цогц байх учиртай тул эрчим хүчний салбарын хуулиудын хариуцлагын тогтолцоог Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг байх боломжгүй гэж үзэж буйгаа хэллээ.
Өргөтгөсөн хуралдаанд гүйцэтгэх багийн зөвлөх, Японы Улсын Qenest holding компанийн эрчим хүчний шинжээч П.Норовсамбуу тус улсын эрчим хүчний салбарын либералчлал, өрсөлдөөнт зах зээл, түүний зохицуулалтын талаар мэдээлэл хийв. Японы эрчим хүчний салбарын бодлогын зохицуулалтыг Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хийдэг бол сүлжээний тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний нийлүүлэлт, хэрэглээ, бүс хоорондын урсгалыг ОССТО буюу Эрчим хүчний дамжуулалтыг зохицуулах байгууллага хариуцдаг байна. Харин цахилгаан эрчим хүчний худалдаа, үнийн ил тод байдлыг JEPX буюу Японы цахилгааны бирж хангаж ажилладаг аж.
JEPX буюу Японы цахилгааны бирж нэг өдрийн өмнө үйлдвэрлэл болон хэрэглээг тохируулах хэмжээг тодорхойлж биржийн оролцогчдод хамгийн бага, тэгш үнээр арилжаалдаг бөгөөд үйлдвэрлэлийн өртөг зардлаас үл хамааран нэг үнээр борлуулдаг аж. Энэ үнэ нийлүүлэгч болон худалдан авагчдын үнийн саналуудын огтлолцлоор тодорхойлогддог бөгөөд станцууд баталгаатай арилжаалах бүтээгдэхүүний үнийг 0 иенээс эхлэн зарладаг бол худалдан авагч жижиглэн худалдаа эрхлэгч нар гарцаагүй авах эрчим хүчнийхээ үнийг баталгаатай хэмжээнд дууддаг байна. Арилжаанд оролцогч олон талуудын үнийн санал хоёр талаасаа ойртсоор хаана огтлолцоно, тэр үнийг арилжааны үнээр тогтоон, бүх оролцогчдод мөрдүүлдэг байна. Энэхүү үнэ хаялцах ажиллагаа JEPX дээр 30 минут тутам болох бөгөөд хоногт 48 үнэ тогтоно гэсэн үг. Үүнийг шударга, манипуляцигүй, өртөгт суурилсан зарчмаар явуулж буй эсэхийг ОССТО хянадаг байна.
Японы цахилгааны биржид аливаа хөрөнгийн биржид хэрэглэгддэг гэрээ, хэлцэл болон бусда хэрэгслүүд ашиглагддаг ба найдвартай суурь хэрэглээг хангах, оргил ачааллыг төлөвлөхөд чухал үүрэгтэй урт хугацааны, хоёр талт гэрээ зэрэг арилжааны хэрэгслүүд бий. Эдгээрээс орж ирэх томоохон хөрөнгийг эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх балансын зах зээлд оруулах бөгөөд Япон Улс 2022 оноос энэ зах зээлд эрчим хүчний нөөцлүүр буюу батерей, мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бодлогоор дэмжиж буй бол Казакстан Улсад нүүрсний болон байгалийн хийн эх үүсвэрүүд балансын зах зээлийнх нь тэргүүлэх эрэмбэнд жагсдаг байна.
Зөвлөх П.Норовсамбуу танилцуулгынхаа төгсгөлд дэлхийн ихэнх улс орон энэхүү эрчим хүчний өрсөлдөөнт зах зээлийн загварт шилжиж буйг дурдаад, хэрэглэгчдийн төлбөрийг эрчим хүчний дэд бүтцэд өртөгт нь нийцүүлэн, үр ашигтайгаар хуваарилдгаараа тус загвар онцлогтой гэсэн юм.
Энэхүү биржийн арилжааны загвар болон Улсын Их Хурлын ажлын хэсгийн гүйцэтгэх багийн хийсэн олон улсын эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчны судалгааны талаар Ажлын хэсгийн ахлагч, гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Б.Найдлаа, Д.Энхтуяа нар Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүд, ажлын албаны мэргэжилтнүүдтэй санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо | ||
Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.