Шууд Chart

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв

2025-03-20 09:11:45

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.

Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд түвшний айлчлалууд, харилцан ойлголцол бэхжиж байгааг онцлов.

Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын тавьж буй зорилт, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцууллаа.

Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл урилгыг нь хүлээн авч тус улсад УИХ-ын даргын анхны албан ёсны айлчлалыг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, уг айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв   
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй