Энэ сарын 9-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын төвд Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит “Онон хатан ижий" яруу найргийн наадам зохиогдож нийт 36 яруу найрагч шүлгэн хүлгээ сойсноос тус наадамд тав дахь удаагаа оролцож буй МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргал тэргүүн байрыг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй дэд байрыг, Г.Сэр-Одын шагналт яруу найраг О.Цэнд-Аюуш гутгаар байрыг хүртлээ. Тусгай байрm яруу найрагч А.Түмэнбаяр, Э.Хишигсүрэн нар шалгарав. Уншигчдадаа "Онон хатан ижий" тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн яруу найрагч Ж.Баяржаргалын шүлгээс хүргэж байна.
ХАН ХЭНТИЙН НАЙРАГЧ Н.НЯМДОРЖИЙН ХӨДӨӨ
Чийгт өвсөнд мөнгөлөг нулимс дусахад
Цэцгэн дээгүүр цочсон царцаа харайхад анзаарч
Тийм нам гүмийг мэдрэх
Ууж сэтгэлийг аргадан тайлах нь
Умард монголын оройн дээд чимэг ээ
Цэцэн боржигины Чойном дуун алдан саравчилсан
Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутаг аа
Ононы сул шуугианд лусын бүсгүйг тэврэхэд
Орой мөчрөөр зүйлийн шувууд хэлмэрчлэхийг сонсч
Тийм их үзэмжийн утгыг тайлах
Эртний гөөг гөөг сүмэр дүрсээр хөгжөөх нь
Элэр сэгэр хөвчийн цаглашгүйн дуулал мөн өө
Цэцэн боржигины Чойном дуун алдан саравчилсан
Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутаг аа
Аглагийн дайд алтанхан хундага чимээлэхэд
Асмал одод нь мөнх хөхөмдөгөөр дэгдэн түгэхийг үзэж
Тийм ихэмсэг суу цэцнийг эзэмдэх
Найрсал анирын онгод ашлан гангартах нь
Намар намрын доорхи хүслийн хязгаар юм
Цэцэгс аглагшин амсхийх, мэргэд төрөхийн үүдэн
Цэцэн боржигины Чойном дуун алдан саравчилсан
Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутаг аа
ИХ НАЙРАГЧ Н.НЯМДОРЖ, Ш.ЦЭНДГОМБО НАРЫН НУТАГ ОНОНЫ ХӨВӨӨНД БИЧСЭН ТАТАЛБАР
НЭГ.
Махтай цар шиг үзэгдэх
Сарны цалир гэгээнд
“Бүрхийн төгөл” мөнгөрч
Бүрхээр тогоо хөлөрч
Гүцний цүзгэр ходоодыг
Гүн тунгалагшил дүүргэнэ
Мөстэй нуур шиг талсжих
Нарны цацар хөдөлгөөнд
“Хувьхан заяа”ндаа гомдоогүй
Уяхан сэтгэлт өвгөн
Гарзны хэдэн хүүхдийг
Гал дуршилд дуудна
ХОЁР.
“Цэцгийн хошуу”ндаа
Хэдэн зүйлий ургамал
Алаглан ганхнам
/Өвгөн багш чимээгүй/
“Онон” ы урсгалдаа
Хичнээн зуун мэлтэрч
Аглагшин ууснам
/Өвгөн багш чимээгүй/
“Тэргүүн өндөр”ийн хярд
Хаагуур тойрон хүрч
Анирлан дуурсах бол..,
/Өвгөн багшийн нулимс
Өтгөн хийгээд нойтон манан болмуй/
“ОНОН ХАТАН ИЖИЙ” НААДАМД ОРОЛЦОГСОД
ГҮН НУУРЫН ХӨВӨӨНӨӨ
Навчис зүрх шиг томрон
Гүн ногоороод тасран ойчно
Нар гал шиг дүрэлзэвч
Илчгүй туяараад шингэж алдрана
Үүлс нуур шиг цэлэлзэн
Тас харлаад урсан бууна
Сар ангир шиг шаргалтаад
Сүүн цагаанаар мэлтэрч хононо
Уулс тэнгэр мэт уужраад
Өлийн будантай зүүдэнд ирнэ
Үг хэллэгийн ертөнцөд
Авиа цацруулан хөгжихөд
Үлгэрлэг зэрлэг өнгөт нутаг
Гүмхэн цэнхэр туналзана
Үглэл төөрсөн монголчууд
Эртний бууцнаа завилахад
Үлэмжийн цэвэр гоо солонго
Оройн зүгийг гортиглоно
Эрт урьдын явдал, орчин
Хуурмаг нүднээ зэрэглээтэн
Эрэмгий талын шүлэгчид
Мананд зэрэгцэн
Гэрлийн хувиралд сууцгаана
"Онон хатан ижий" яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө | ||
Үзсэн: 2839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.