Шууд Chart

"Ногоон ажлын байр"-ыг тодорхойлох туршилт хийнэ

2014-09-19 11:09:26

Дэлхий нийтэд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо хоёр  дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг мэдэгдэхүйц өөрчилж, байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай болж байна.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2012 оны дээд хэмжээний уулзалтаар тулгамдаж буй дээрх асуудлыг хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах чухал арга хэрэгсэл болох ногоон эдийн засгийг улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохируулан хөгжүүлэхийг зөвлөсөн.
 
Ийнхүү манай улс 2013 онд Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE-Partnership for Action on Green Economy)-д нэгдсэн. Уг түншлэлийн зорилго нь Монгол Улсад Ногоон хөгжлийн стратеги, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байна.
 
Түүнчлэн НҮБ-ын Статистикийн хэлтсээс “Ногоон эдийн засагт шилжих явцыг үнэлэх нь” төслийг эхлүүлж, Ази номхон далайн бүсээс хамрагдах дөрвөн орны нэгээр Монгол улс сонгогдсон. Уг төсөл нь ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийн системийг бий болгох зорилготой.
 
Манай улс Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдсэнээр “Ногоон хөгжлийн бодлого”-оо тодорхойлж, уг бодлогыг Монгол Улсын Их Хурлаар 2014 оны 6-р сард батлуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Энэхүү ногоон хөгжлийн бодлогын баримт бичигт ногоон ажил эрхлэлт буюу ногоон ажлын байрыг дэмжих бодлого нь стратегийн нэг гол зорилт болж тусгагдсан.
 
Иймд ҮСХ-ноос ногоон ажлын байрыг тодорхойлох туршилт судалгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн туслалцаатайгаар явуулахаар бэлтгэж байна. Туршилт судалгаа нь өрхөд суурилсан, аж ахуйн нэгжид суурилсан гэсэн хоёр хэлбэрээр явагдах бөгөөд үр дүнг 2015 оны эхний хагаст гаргахаар төлөвлөж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Ногоон ажлын байр"-ыг тодорхойлох туршилт хийнэ  
Үзсэн: 2094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй