Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
“Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийг ашиглалтад оруулан, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож, сайн үйлс бүтээсэн Ажиа гэгээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч долоо хоногт хүлээн авч уулзаж, “Алтан гадас” одонгоор шагналаа. Шагнал гардуулах үеэр буяны их үйлсэд хүчин зүтгэж буй Ажиа гэгээнтэн “Төр миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шагнаж байгаад талархаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хичээл зүтгэл бус нийт монголчуудын хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, олон монгол хүний талархлыг хүртээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур суманд ажиллаж ургац хураалтын байдал, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Монголын Үндэсний Олон нийтийн MNB.mn сайт нэг жилийнхээ ойн хүрээнд “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” аянд нэгдлээ. Өдөрт тогтмол 80-100 хүн цусаа өгч байж эмнэлгүүдээс ирж буй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломж бүрддэг байна. Тиймээс цус хандивлах аянд хүн бүрийн оролцоо чухал юм. Манай сайтын хамт олон өнгөрөгч долоо хоногт Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд очиж цусаа бэлэглэлээ. MNB.mn сайтын хамт олон бид нийт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагч, сэтгүүлч, уран бүтээлчдийг энэхүү аянд нэгдэж, эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд гар бие оролцохыг уриалж байна. Улаанбаатар хотод амьдардаг бол та Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн Цус цуглуулах хэсэгт ажлын өдрүүдэд 08:30-14:00 цагт очоорой. Хөдөө орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд өдөр бүр 08.00-13.00 хооронд цус цуглуулдаг. Мөн Хархорин, Зүүнхараа, Замын-Үүд, Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт цусны салбар банк ажилладаг юм байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 26 байршилд зуслангийн газар олгохоор шийдвэрлэсэн. 2013 оны долоодугаар сарын байдлаар 26 байршилд нийт 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Хаягжилт хийсэн газраас эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Яргайт, Сүхбаатар дүүргийн Ар хустайн аманд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг өнгөрөгч долоо хоногоос авч эхэллээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн орон сууцны болон гэр хорооллын 152 хороонд амьдрах орчны газрын зураглалыг гаргаж байгаа. Энэ зураглалыг хийхэд Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын хэсгийн ахлагч нар, иргэдтэйгээ хамтран хорооныхоо үндсэн мэдээллийг газрын зураглалд тэмдэглэн, дүүргүүдийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүд мэдээллийн санд оруулж байна. Өөрийн амьдарч буй орчноос гадна бусад хороодын мэдээллийг ч иргэд цахим хэлбэрээр харж болох юм. “Manaikhoroo.mn” сайтаас дээрх мэдээллийг авч болох ажээ.
Төв аймагт галзуу өвчний халдвар тээж явсан чоныг нутгийн хэсэг иргэн авто машинаар дайран хөнөөж, улмаар биед сайн хэмээн 20 гаруй хүн махыг нь идсэн үйл явдал өнгөрөгч долоо хоногт боллоо. Дээрх хүмүүсийг вакцинд хамруулж, тухайн газар нутгийн иргэдэд эмнэлгийн хяналт тогтоожээ. Энэ талаар Төв аймгийн Алтанбулаг сумын эмнэлгийн эрхлэгч Л.Алтанхуяг мэдээлж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйн ЭНДЭЭС уншина уу. Хүн бүр анхаарал, болгоомжтой байхыг сануулъя.
Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог 445 орчим мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 90 орчим хувь нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагджээ. Эдгээр жолооч өөрсдийн албан журмын даатгалын гэрээгээ даатгалын нэгдсэн санд орсон эсэхийг тэр болгон мэддэггүй. Тэгвэл даатгалд хамрагдсан хүн бүр өөрсдийн мэдээллийг гар утаснаасаа хянах боломжтой болжээ. Хэрэв та ухаалаг гар утастай бол Плэй стор цэс рүү орж Автодорцов программыг татаж авах боломжтой юм. Энэ программ дээр таны даатгалын бүх мэдээлэл болон нөхөн төлбөрийн мэдээлэл байрлаж байна. Түүнчлэн даатгалын нэгдсэн санд бүртгэлтэй эсэхээ мэдэх боломжтой гэж Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав хэлж байна.
ССАЖЯ-наас үндэсний бахархалт цэцэгт ургамал тодруулахаар болжээ. Бахархалт цэцэгт ургамлыг олон нийтийн саналыг авч шалгаруулж байна. Тодруулбал, иргэд үндэсний бахархалт цэцэгт ургамлыг тодруулахад санал өгөхийн тулд ЭНД орж мэдээлэл авах боломжтой аж.
Ногоон байгууламж дээр машинаа байрлуулсан "4506 УНУ" дугаартай машины зураг цахим сүлжээгээр тархаж, олон нийтийн бухимдлыг хүргээд байсан. Замын цагдаагийн газраас ийм үйлдэл гаргасан жолоочийн эрхийг хоёр жилээр хасч, сүйтгэсэн цэцгийн мандлыг сэргээлгүүлсэн. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт III, IV хорооллын нутаг дэвсгэрт ногоон байгууламж дээр машинаа байрлуулсан "44-45 УНЛ" улсын дугаартай "Land Cruiser" маркийн машины жолоочийн жолооны эрхийг хоёр жилээр хаслаа. Энэ жолооч мөн хууль зөрчин ногоон байгууламж сүйтгэсэн юм.
Энэ онд хийгдэх зам засвар шинэчлэлтийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар зам засварын ажлуудын танилцуулгыг ЭНДЭЭС уншиж болно.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнгөрөгч долоо хоногт Г.Сарангэрэл, Т.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тэд өнгөрөгч сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ял сонссон бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь ийнхүү хэлэлцэгдлээ. Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Батбаяр “Бид дээд шүүхэд дахин гомдол гаргана” гэсэн юм.
“Хьюндэй моторс” компани энэ сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр “Соната 8 автомашиныг худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн утгатай сурталчилгааг олон нийтэд түгээжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх тогтоол, захирамжид заасанчлан “Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон /түргэн, цагдаа, онцгой байдал, шуурхай алба/ тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй” гэснээс бусад тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтын зохицуулалт тэгш үйлчилдэг зарчимтай.
Энэхүү шийдвэрийг нийслэл дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хөдөө орон нутгийн аль ч төрлийн тээврийн хэрэгсэлд үйлчилдэг, нийтээр дагаж мөрддөг. Гэтэл “Хьюндэй моторс” компани нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөж буй дээрх зохицуулалтыг үгүйсгэж байгаа мэт үйлчлүүлэгчдээ эргэлзээнд оруулсан, олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй сурталчилгааг телевизүүдээр цацсанд харамсч байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шударга өрсөлдөөний зарчмаа дээдэлж олон нийтийн төөрөгдлийг нэн даруй арилгахыг үүгээр мэдэгдье гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 3189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.