Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Манай баг тамирчид медалийнхаа тоогоор гуравт бичигдэж байна

2014-09-22 13:54:50
Error loading player: No playable sources found

БНСУ-ын Инчён хотноо болж буй Азийн спортын 17 дугаар их наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байгаагаас манай улс 23 төрөлд 231 тамирчнаа илгээсэн юм. Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид медалийн тоогоор гуравт жагсч байгаа бөгөөд хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Харин наадмыг зохион байгуулагч БНСУ 12 алт, 11 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар наадмыг хошуулчилж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр буюу есдүгээр сарын 20-нд эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нар өрсөлдлөө. 14 багийн тамирчин буудсанаас Монголын мэргэн муучид 1140 оноогоор хүрэл медаль хүртэж, Азийн наадмаас Монголдоо анхны медалийг авчирсан юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртсэн бол 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, 73 кг-д Г.Одбаяр нар мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар хүрэл хүртсэн байна.

Манай баг тамирчид дээрх спортын төрлүүдээс гадна, сагсан бөмбөг, усанд сэлэлт, туялзуур сэлэм, хүндийг өргөлт, гандбол зэрэг төрөлд өрсөлдөөд байна.

Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид урьдчилсан шатны “А” хэсгээс ХонгКонг, Мальдивийн багуудыг хожсон бөгөөд өнөөдөр Кувейтын багтаа тоглох юм.

Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд О.Баярцэцэг XI, Б.Анхзаяа 12 дугаар байр эзлэв. Усанд сэлэлтийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд М.Дэлгэрхүү VII, эмэгтэйчүүдийн 100 м-ийн өврөөр даллах сэлэлтэд С.Номун VI байрт шалгарсан. Эмэгтэйчүүдийн 4х100 метрийн чөлөөт буухиад Э.Нандинцэцэг, Б.Есүй, С.Номун, Ц.Мөнгөнсор нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг V байрт шалгарлаа.

Туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөл Э.Дөлгөөн, Б.Батхүү нар хэсэгтээ хоёр ялалт авч шөвгийн 32-т шалгарлаа. Тэдний энэхүү амжилт туялзуур сэлэмний тамирчид Азийн томоохон тэмцээний хасагдах шатанд үлдсэн анхны тохиолдол болж байна. Эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд өрсөлдсөн Б.Ариунзаяа хэсгээсээ шалгарч чадаагүй юм.  Туялзуур сэлэмний бусад төрөлд манай тамирчид өрсөлдөх бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Цолмор. Б.Гэрэлмаа нар тулалдана.


 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Манай баг тамирчид медалийнхаа тоогоор гуравт бичигдэж байна  
Үзсэн: 2995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй