Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-09-27 09:58:57

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцлоо. Тэрээр хуралдааны Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт тусгагдсан "Уур амьсгалын шинжлэх ухаан" сэдэвчилсэн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж даргалж явуулсан.  Тус сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг ЭНДЭЭС  уншаарай.   

Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn сайт нэг нас хүрлээ. Нэг жилийн ойн хүрээнд олон ажил хийгдсэний нэг нь өнгөрөгч лхагва гарагт Сүхбаатарын талбайд болсон урлаг соёлын арга хэмжээтэй холбоотой байлаа. “Монголын сайтын холбоо”, www.URLAG.mn сайт, Монгол поп опера "Увертюра" хамтлагийн хамтарсан таван жилийн ойн тоглолтын үеэр бид сайтаа сурталчилж, уншигч олонтойгоо санал бодлоо хуваалцав. Энэ үеэр “Монголын сайтын холбоо”-ноос бидэнд дурсамж хадгалууллаа. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан манай хамт олонд “Талархал” илэрхийлж, дурсгалын зүйлс гардуулан ажлын амжилт хүссэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрөгч долоо хоногт УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг ЭНД  дурджээ.

Засгийн газраас Хууль зүйн дэд сайдын эзэнгүйрсэн суудалд суух дараагийн хүнийг зарлалаа. Э.Эрдэнэжамъяны оронд Ц.Уугангэрэлийг томилов. Тэрээр хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан аж.

Аж ахуйн нэгж газруудын хаяганд тавих нэгдсэн шаардлагыг холбогдох газраас гаргалаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн захирамжаар энэ сарын 19-нөөс эхлэн аж ахуйн  нэг газруудын гаднах хаягийг нэгдсэн стандартад оруулах шийдвэр гараад байна. Шийдвэрийн  дагуу тухайн байгууллага хамгийн түрүүнд гаднах хаягаа монгол крилл үсгээр бичих шаардлагатай юм. Харин гаднын байгууллагуудтай хамтран ажилладаг, зайлшгүй англиар бичих шаардлагатай аж ахуйн нэгжүүд хаягаа монголоор бичиж, доод талд нь англиар бичиж болох аж. Уг захирамж гарсан өдрөөс эхлэн мөрдөгдөх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд мөнгөн торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хариуцлага тооцох юм.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р цэцэрлэгт гэдэсний халдвар гарч, 166 хүүхэд эмнэлэгт хандсанаас 34 хүүхэд халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уг гэдэсний халдвар нь 38-40 хэм хүртэл өндөр халуурах, бөөлжих, эхлээд ердийн ус ихтэй, дараа нь бижирмэгтэй, 6-аас дээш суулгасны дараа цусан судалтай суулгах шинж тэмдэгтэй ба цэцэрлэгийн бага, дунд ахлах бүх бүлгийн, бүх насны хүүхдүүд өвчилжээ. МХГ-ын шийдвэрээр 7-р цэцэрлэгийн үйл ажиллагааг өнгөрөгч баасан гарагаас эхлэн тав хоног зогсоогоод байна. Аймгийн ЭМГ-ын даргын 178, 179 дугаар тушаал гарч, эрүүл мэндийн байгууллагуудад “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарлалаа.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж буй нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зуухны хөтөлбөрийг дэмжиж ажиллах тухай” А/826 дугаар захирамж гаргалаа. “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн сайжруулсан зуухнуудыг гэр хорооллын иргэдэд сурталчлан танилцуулах “Зуухны борлуулалтын төвүүд” ажиллах хороодын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтыг ЭНДЭЭС харна уу.

Шүүхийн ёс зүйн хороо иргэдээс ирүүлсэн шүүгчтэй холбоотой гомдлын 90 хувийг шийдвэрлэхээс татгалзсан байна. Учир нь иргэдээс шүүгч шударга бус шийдвэр гаргасан гэх гомдол хамгийн их ирүүлдэг аж. Үүнийг хянаж тогтоох байгууллага нь Шүүхийн ёс зүйн хороо биш гэж тус байгууллагаас мэдэгдлээ. Харин шүүхийн ёс зүйн хороонд тухайн шүүгч иргэдтэй бүдүүлэг харьцсан, олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан зэрэг гомдлыг хянан шийдвэрлэдэг байна.

Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ-ийн эмч нар, БНСУ-ын “Асан” эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нартай хамтран ой гарантай охинд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийлээ. Балчир охинд ээж нь донор болсон ба охин төрөлхийн цөсний замын битүүрэлтэй төрсөн гэнэ. Ийм эмгэгтэй төрсөн хүүхэд хагалгаа хийлгэхгүй бол тархины дутагдал, цусны урсамтгай чанар алдагдсанаас үүдэн амьдрах чадвараа алддаг байна. Дээрх хагалгааг хийлгэсэн нэг нас нэг сартай охин нь элэг шилжүүлэн суулгах чиглэлээр нэг ойтой хүүхдэд хийсэн анхны тохиолдол юм. Үүнээс өмнө манай улсад дөрвөн настай хүүд энэ төрлийн хагалгааг амжилттай хийж байжээ.  Одоогоор охины биеийн байдал сайн, нэгдүгээр эмнэлэгт зохих эмчилгээгээ хийлгэж байгаа юм. Бага насны хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааны талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав “Энэ сарын 21-нд 16 дахь хүндээ элэг шилжүүлэн суулгах хагалгааг манай эмч нар бие даан амжилттай хийлээ. “Асан”-ын эмч, мэргэжилтнүүд заавар, зөвлөгөө өгч ажиллалаа. Манай улсад элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг бие даан хийх боломж бүрдээд байна” гэж ярьсан юм.

“Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж ялагчаа тодруулаад байна. Тус тэмцээний энэ оны ялагчаар Төрбатын Батцэцэг шалгарав. Тэрээр ирэх 11 дүгээр сард Лондон хотод зохион байгуулагдах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөх юм. Т.Батцэцэг нь Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа- 2010” тэмцээний дэд байрын шагналтай, “Шилмэл загвар” агентлагт багшаар ажилладаг ажээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын өнгөрсөн онд гарсан тушаалын дагуу гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нөхцөл, гэрээний загварыг баталсан. Энэхүү журамд зааснаар тухайн иргэн нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтээ Монгол Улсынхаа нийгмийн даатгалын байгууллагад гаргаж цахим хэлбэрээр бүртгүүлэн гэрээ байгуулах аж. Гэрээндээ шимтгэл төлөх орлогоо мэдүүлнэ, шимтгэл  төлөх хугацаагаа тохиролцоно. Мөн Монгол Улсад амьдарч буй ах, дүү, төрөл, хамаатан садан, өөрийг тань төлөөлөх, итгэмжлэгдсэн хүнээрээ дамжуулан сайн дурын даатгалын гэрээ байгуулах боломжтой юм байна. Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын доод хэмжээ нь 192.000 төгрөг, дээд хэмжээ 1.920.000 төгрөг байдаг. Иймээс тухайн иргэн өөрийн санхүүгийн боломж, нөхцөлөөс хамааран энэхүү дээд, доод хязгаарын хооронд  орлогоо тодорхойлж мэдүүлэх юм. Тухайлбал, шимтгэл тооцох орлогоо 192.000 төгрөг байхаар гэрээндээ тусгавал сардаа 23040 төгрөг (192000*12%/100), жилдээ 276.480 төгрөгийн шимтгэл төлнө.

Нийслэлийн Замын цагдаагийн газрын машиныг барьж явсан цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслээ ногоон байгууламжид байрлуулсан тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд гарсан. Цагдаагийн алба хаагч энэ сарын 13-ны өдөр дээрх автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь заалтыг үндэслэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилийн хугацаатайгаар хасах арга хэмжээ авлаа.

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарсан. Тус хэрэгтэй аймгийн прокурор биечлэн танилцаж  хохирогч, холбогдогч нараас Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй,  гомдол мэдээлэлд аваагүй  байсан зөрчлийг илрүүлж  эрүүгийн хэрэг үүсгүүлэн  холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгчээ. 2014 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 5/260 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор  хүргүүлсний дагуу хяналтын харьяаллыг дүүргийн нэгдүгээр прокурорын газарт тогтоон шалгаж эхэлжээ.

Энэ жилээс эхлэн зуслангийн газар өмчлүүлж байгаа. Эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустай, 22 дугаар хорооны Цолмон, Цээнэ, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид, Яргайт гэсэн таван байршилд газар өмчлүүлэхээр болсон. Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тодруулахад, “Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд өмчлүүлэх зуслангийн газар дууссан. Шинээр бүртгэл хийхгүй. Ер нь шинээр зуслангийн газар авах хүсэлтэй иргэдийг ч бүртгэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл,  зуслангийн газар өмчлөх иргэд заавал эзэмших эрхтэй байхаас гадна хуулийн дагуу ганц удаа газар өмчлөх эрхтэй гэдгээ анхаарах хэрэгтэй. Дахин хэлэхэд, нийслэлд гэр бүлийн зориулалтаар олгохоор болсон газар өмчлөлд хамрагдсан бол зуслангийн газар өмчлөхгүй гэсэн үг” гэлээ. 

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг ЭНДЭЭС  уншаарай.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй