Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Б.Бат-Эрдэнэ: Наадам зохион байгуулагчид Монголын баг, тамирчдаас уучлал хүссэн

2014-09-29 12:05:35
Error loading player: No playable sources found

Өнгөрөгч амралтын өдөр Азийн спортын XVII их наадамд Монголын багийг ахлаж явсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар мэдээлэл хийлээ.

-Манай хэд хэдэн тамирчин бэртсэн. Тамирчдын биеийн байдал ямар байгаа вэ?
-Амжилт, сайн мэдээний хажуугаар тамирчид маань бэртэж, бидэнд багагүй бэрхшээл тулгарч байна. Гурван ч тамирчин тэмцээний явцад хүнд бэртэл авлаа. Жүдо бөхийн эмэгтэй, 78 кг-ын жингийн тамирчин хөлөндөө хүнд гэмтэл авсан. Мөн бейсбол, сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчин бэртэл авч, хагалгаанд орлоо. Мэс засал амжилттай болсон. Бид шуурхай арга хэмжээ авч, зохих байгууллагуудад хандсанаар үнэ төлбөргүйгээр эмнэлгийн тусламж авч, яаралтай мэс засал хийлгэлээ. Тамирчдын биеийн байдал сайжирч байгаа.

-Монголын жүдо бөхийн тамирчдын хоолонд ёс бус хийсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Үүнд багийн ахлагчийн хувьд албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?
 -Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн мэдээлэл үнэн. Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан байгаа. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч миний бие хамтраад Азийн олимпийн зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан. Асуудлыг нягтлан шалгаж байна.

-Монголын багийн далбааг буруу байрлуулсан тохиолдол гарсан байна?
 -Монголын төрийн далбааг буруу байрлуулсан тохиолдол гарсныг бид даруй засч, залруулсан. Далбаа солигдсон нь Төв стадионд биш, олимийн тосгонд биш, дарвуулт завины тэмцээн болж байгаа газарт болсон явдал гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Техникийн ажилтны буруугаас болсон гэдгийг Зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж, албан ёсоор уучлалт гуйлаа. Дарвуулт завины төрөлд Монголоос тамирчин оролцоогүй. Энд мөн нэг зүйлийг хэлэхэд, энд зарим тэмцээний төрлүүдийг мэдээлэхдээ Монголын хүн амын тоог буруу зөрүү гаргасан, Монголыг Хятадын Хонгконг, Макаотай ижил ойлгогдохоор бичсэн алдаа мадаг гарсан. Тэмцээний шүүлттэй холбоотой асуудал мөн яригдаж байна. Энэ бүхэн дээр бид гомдол гарган, асуудлыг нарийн шалгуулах тал дээр анхаарал тавьж байгаа.

-Баг, тамирчдын зардал, санхүүгийн асуудлыг яаж шийдэж байгааг хүмүүс асууж сонирхож байна?
-Баг тамирчдын зардлыг улсын төсөв, спорт холбоод, МҮОХ-ноос болон хувиасаа гаргасан. Тодруулбал, Засгийн газраас тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс нийлсэн 90 гаруй хүний зардлыг даасан бол МҮОХ-ноос 45 тамирчны зардлыг хариуцсан. Мөн спорт холбоод маань өөрсдөө тамирчин, дасгажуулагчдаа санхүүжүүлж  оролцлоо. Хувиасаа зардлаа гаргаж, Азийн наадамд өрсөлдөж байгаа төрлүүд ч байна. МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар гэхэд Азийн олимпийн зөвлөлийн урилгаар энэ наадамд оролцож байгаа. МҮОХ, ССАЖЯ-наас ярилцаж тохиролцсоны дагуу МИАТ компани манай баг тамирчдад 30 хувийн, “Korean air” компани 15 хувийн хөнгөлөлт үзүүллээ. МИАТ компаниас нийтдээ бид 55 орчим сая төгрөгийн хөнгөлөлт авсан, МҮОХ-ны түншээр БНХАУ-ын “Жордан” компани ажилаж, 400 орчим хувцас, хэрэглэлээр хангасан гэх мэтчилэн аль болох зардал мөнгөө хэмнэх байдлаар явж байгаа. Азийн наадамд ажиллаж байгаа спортын сэтгүүлчид гэхэд бүгд хувийн болон өөрсдийн ажилладаг хэвлэл, мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр наадам сурвалжлахаар ирсэн. Байр, хоолны асуудлаа бүгд хувиараа зохицуулж байна. Харин Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны ID карт эзэмшигч сэтгүүлчид онгоцны тийзийн зардлаа 30 хувь хөнгөлүүлсэн байгаа. Багийг удирдаж байгаа удирдах бүрэлдэхүүний хувьд ихэнх нь хувиасаа зардлаа гаргасан. Миний хувьд гэхэд Азийн наадамд гэр бүлийн хүний хамт ирсэн. Ингэхдээ би өөрийн болон эхнэрийнхээ зардлыг хувиасаа гаргасан. МҮОХ надад итгэл хүлээлгэж, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгосон. Гүйцэтгэх зөвлөл мөн надад өндөр итгэл хүлээлгэж, Инчеоны Азийн наадамд оролцох багийн ахлагчаар томилсон. Бас нэг зүйл нэмж хэлэхэд, аварга болсон тамирчдаа урамшуулж байгаа мөнгөн аягыг ч мөн багийн ахлагчийн хувьд би тамирчдадаа урам зориг өгөх, монгол хүний билэг дэмбэрэлийг бодож өөрөө авчирсан. Тийм болохоор иргэд олон маань Азийн наадамд оролцож байгаа тамирчид, баг хамт олныхоо талаар үнэн зөв мэдээллийг тунгаан сонсч, учрыг олж, урам хайрлан дэмжээсэй гэж хүсч байна. Монголчууд Азийн наадмаар амьсгалж, баг тамирчдынхаа амжилтаар бахархаж байгаа мэдээллийг би сошиал ертөнцөөс байнга авч байгаа. Та бүхэндээ их баярлалаа. Биднийг амжилт гаргах магадлал өндөртэй бокс, чөлөөт бөх, буудлагын тамирчдын маань амжилт хүлээж байна. Олон рекорд эвдсэн, олон аварга төрсөн сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Б.Бат-Эрдэнэ: Наадам зохион байгуулагчид Монголын баг, тамирчдаас уучлал хүссэн  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй