
БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдаж буй Азийн 17 дугаар наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож байна. Тэрхүү наадмын талаарх сайн, сайхан мэдээллийн хажуугаар чихэнд чимэггүй зүйлс олон дуулдах болов.
Тухайлбал, Тулгар төрийн тусгаар тогтнолыг илэрхийлдэг, төрийн далбааны алтан соёмбыг буруу харуулан өлгөж, бүрэн эрхтэй улсыг Хятад улсын харьяа мэтээр зарлаж, хүчит бөхчүүдийн хоолонд эмэгтэй хүний хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийсэн таагүй зүйлүүд олноо дуулдах болов. Эдгээр үйлдлүүдийг зүгээр л тохиолдол гэвээс үнэнээс гажсан зүйл болох биз. Тэрхүү өчүүхэн мэт боловч дорд үйлдлээрээ манай баг тамирчдыг, цаашлаад улс үндэстнийг “чадчихлаа” гэж бодож сууж болох ч үнэндээ манайхнаас айж байгаагаа илэрхийлэх шиг, жижиг улсыг уруу дорой гэж харсан мэт санагдах ч шиг. Нөгөөтэйгүүр Хөх толбот Монголын үрс Азийн дэвжээн дээр ямар сүр хүчтэй, эртэй, бяртай, чансаатай байгааг тодотгоод өгчих шиг санагдав.
Олон нийт “Яг үнэндээ "зохиомол" түүхтэй гэгддэг Солонгосчууд, дэлхийн талыг морин дэл дээр эзэлсэн аугаа Чингисийн удам болох биднээс зүрхээ хагартал айж байна” гэж шуугиж байна. Таван тивийн нэгэн төлөөлөл Ази тивийн спортын наадмыг зохион байгуулна гэдэг асар нэр хүндийн асуудал. Ер нь өнөөг хүртэл зохиогдсон тэмцээн уралдаануудад бүхэл бүтэн улсын тугийг буруу харуулж өлгөдөг тохиолдол гарч байгаагүй байх юм. Бүр жижиг мужид болж буй тэмцээнд ч ийм зүйл сонсогдоогүй байтал БНСУ-ын зохион байгуулагчид “санамсаргүй”-гээр алдаа гаргалаа. Яг үнэндээ ийм уралдаан тэмцээнд иймэрхүү алдаа гаргах эрх хэнд ч, аль ч улс, гүрэнд байхгүй.
Мэдээж Солонгосчуудын гаргасан алдаа бидэнд хохиролтой. Улсын нэрийг БНХАУ-ын Монгол муж гэж нэрлэхээр ямар олиг байхав. Тамирчны сэтгэл санаанд нөлөөлнө. Тусгаар тогтнолоо зарлаад, төр улсаа байгуулан 2000 гаруй жил болчихсон атлаа өдийг хүртэл Манжийн дарлалаас гараагүй мэтээр хэлүүлж явна гэдэг гутамшиг. Ингээд бодохоор Монголыг яаж дэлхийд танил болгох вэ гэх асуулт гарч ирнэ. Манай улс үүнд ямар арга хэмжээ авч байна вэ...
Хоёрдугаарт, яг тэмцээнийхээ өмнө шингэн алдана гэдэг тийм ч сайн зүйл биш гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Хүч тамир сэлбэдэг монгол идээ борцноос нь тийнхүү ёс бус зүйл гараад ирэхэд хэн ч хахаж цацна. Зарим нэг нь бүр ухаан балартана. Энэ мөн л сэтгэл санаанд нөлөөлнө. Тиймээс ч манай охид барилдаанаа санаснаараа хийж чадаагүй болов уу.
Ер нь сүүлийн жилүүдэд Солонгосын үзэл суртал, соёл урлагийн нөлөөлөл манай улсад хэт газар авч байх шиг. Ялангуяа телевизийн суваг бүрээр хөврөх эх захгүй савангийн дууриуд. Хэдхэн сарын өмнө “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” гэх кино манай томоохон телевизийн дэлгэцийг нэг хэсэгтээ л дүүргэсэн. Тус кинон дээр Чингисийн удам гэж цээжээ дэлдсэн, аймхай хааны тухай өгүүлдэг. Түүний төр барих ухааныг солонгос эмэгтэй удирдан залж байсан мэтээр үзүүлсэн нь нэг хэсэгтээ л олны дургүйцлийг хүргэж байв. Хэдийгээр солонгос өөрсдийн түүхгүй гэгддэг байлаа ч Монголын түүхийг гажуудуулж боломгүй.
Улсын нэрийг тийнхүү ашиглаж, дорой монгол мэтээр харьцаж байхад онлайн ертөнцөөс цааш хаана хүрч яригдав. Эрхийг нь авч телевизээрээ гаргасан хүмүүс нь энэ бол бодит зүйл биш, кино зохиол гээд хайцаалаад л энэ асуудал мартагдсан. Гэтэл өнөөдөр хэтэрхий тайван монголчуудыг “өдөх” дахин нэг санаархлаа солонгосчууд илэрхийллээ. Үүнд ямар хариу барих вэ. Холбогдох хүмүүсийн зарим нь Азийн наадмын дараа асуудлыг хурцаар ярина гэж байгаа бол зарим нь өнгөрөгч амралтын өдөр мэдээлэл хийсэн. Тэд уур бухимдал нь дүрэлзэж буй ард түмнийхээ сэтгэлийг тайвшруулахаар “Азийн наадмыг зохион байгуулагчид манай баг тамирчдаас уучлал хүссэн. Туг буруу харуулсан нь туг өлгөгчийн буруу, нэр буруу зарласан нь зарлагчийн буруу уучлал хүсье” гэсэн гэв. Яг үнэндээ хэн хийсэн нь бус үүнд ямар хариуцлага тооцох нь чухал. Зөрөөд өнгөрсөн хүнээ санамсаргүй мөргөснийхөө хариуд л хэлдэг үгийг томоохон тэмцээн дээр алдаа гаргачихаад хэлнэ гэдэг арай л биш санагдах. Азийн наадмын дэвжээгээр дамжаад олон улсад андуу ташаа зарлагдсан улс гүрнийхээ нэр хүндийг сэргээхэд ганцхан ширхэг "уучлаарай" арай багадаж буй хэрэг биш гэж үү. Улс төр, эдийн засаг, геополитик гээд нөхцөл байдлаа харзнаад тэгсгээд өнгөрөөвөл бид жижгээрээ, тэд тохуурхсан чигээрээ үлдэх юм биш биз гэх эмзэглэл хэн хүнгүй төрөх л байх.
Ямар ч байсан энэ удаагийн Азийн наадмаар Хан үндэстнүүдийн гаргах ааш аяг хаа хүрч өндөрлөхийг харж л сууя. Харин манай иртэй, бяртай охид, хөвгүүд минь хүрэн зүрхийг нь түгштэл барилд. Монгол гэх зургаан үсгийг мартахгүй болтол нь хөх Азийн элгэн дээр тамгалаад өгөөрэй. Уухай, уухай, уухай...
Монгол тамирчдаас сүрдээ юү, Монгол Улс жижигдчихэв үү..? | ||
Үзсэн: 5340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.