Шууд Chart

Иргэндээ үйлчлэх шуурхай автомашинд уу, эрх мэдэлтний давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд үү?

2014-10-01 13:33:55

Хаа сайгүй хурдлан давхих, тусгай дуут гэрэл анивчуулсан хэн нэгэн эрх мэдэлтэй эрхмүүдийн гэргий, хүүхдийг зөөсөн, бусад жолооч нарт дээрэнгүй хандсан, замын хөдөлгөөний дүрмийг үл хүндэтгэсэн, бусдаас илүү давуу эрх эдэлсэн тэр зүй бус явдал өдрөөс өдөрт багасч байгаа.

Хотын хөдөлгөөнд оролцох олон мянган тээврийн хэрэгслүүдийн дунд автомашин дээрээ улаан, шар, хөх өнгийн гэрэл анивчуулсан хар өнгийн хачин чамин тээврийн хэрэгслүүд хаа нэгтээ харагддаг. Эрх мэдэлтнүүд энэ тусгай дуут дохио хэрэглэхээс татгалзах болсон гол шалтгаан нь Хууль зүйн сайдын 2013 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Дугаар А/121 “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталсантай холбоотой гэнэ.

Уг журмаар чухам ямар автомашинд тусгай дуут дохио тавих эрхтэйг зааж өгсөн байна. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага хамаарч шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ гэж зааж өгчээ.

Зөөврийн гэрэл дохиог гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах эрх бүхий албан тушаалтан бусад хөдөлгөөнд оролцогчдод ил харагдах байдлаар хэрэглэж болно. Хойшлуулшгүй ажиллагаа болон шуурхай дуудлагын тохиолдлоос бусад үед тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглосон талаар энэ журамд журамласан юм.

Хамгийн гол заалт нь УИХ, Засгийн газрын гишүүд болон яам агентлаг, Нийслэл, дүүргийн харьяа албадын дарга нарт тусгай дуут дохиог тээврийн хэрэгсэлдээ тавихыг хориглосон нь маш зөв шийдвэр болсон. Харин дараах тохиолдолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь орон нутагт ажиллах үедээ тээврийн хэрэгсэлдээ зөвхөн улаан өнгийн зөөврийн гэрэл дохио тавьж болно гэж заасан байна.

Иймд эрх мэдэлтнүүд энэ эрхээсээ татгалзаж эхэлсэн нь Монгол Улсад хууль журам хэрэгжиж эхэлсний цондон гэлтэй.

 


Иргэндээ үйлчлэх шуурхай автомашинд уу, эрх мэдэлтний давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд үү?  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй