Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2026 оны төлөвлөгөөнд холбогдох чиглэлээр санал тусгуулахаар боллоо.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль, цаг уур, бусад хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, онцгой байдлын салбарын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжин хамтран ажиллаж буйд Шадар сайд талархал илэрхийлж, 2026 онд баруун бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тус сангаас шийдвэрлэхээр болсныг онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт хүүхэд, өсвөр үеийнхэн багтдагийг онцолж, хүүхдийн гамшгийн эрсдэлийн индексийг аймгуудын түвшинд тооцож байна хэмээлээ. Үүний зэрэгцээ тусламжийн бараа, логистикийн дэмжлэгийг үргэлжлүүлэх, ОБЕГ-т усан доорх дрон болон цас, зудын үед ашиглах тоног төхөөрөмж нийлүүлэх, хил дамнасан ой хээрийн түймрийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг судлах, албан хаагчдыг чадавхжуулах, газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах дасгал сургуулилалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр судалж буйгаа илэрхийллээ гэж Шадар сайд Хэвлэлийн албанаас мэдээллээ.

| НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ | ||
| Үзсэн: 257 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.