Шууд Chart

Г.Болор: Олон жил дуншсан нэвтрүүлэг л дээ...

2014-10-02 13:37:17

Монголын үндэсний олон нийтийн радиогийн хоёрдугаар сувгаас “40 нас радио клуб ток шоу” шинэ нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэх гэж байна. Энэ талаар МҮОНР-ийн хоёрдугаар сувгийн редактор, сэтгүүлч Г.Болороос тодрууллаа.

-Шинэ нэвтрүүлэг эхлэх гэж байгаа гэсэн. Нэвтрүүлгийнхээ талаар уншигч, сонсогч, үзэгчдэдээ танилцуулахгүй юу? 

-“40 нас радио клуб ток шоу” нэвтрүүлгийн санааг анх дөрвөн жилийн өмнө нэг найзтайгаа ярьж сууж байгаад олж байсан юм. Бид 40 хүрсэн эмэгтэйчүүд л дээ. Хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол яриад суучих газар хайдаг ч, ийм газар байхгүй гэж болно. Тиймээс бидэн шиг хүмүүсийг сонсож, бодол сэтгэлийг нь ичиж, нэрэлхэлгүй хуваалцаж болох нь радио юм байна гэж бодсон. Радиогоор хүний дотоод сэтгэл рүү өнгийсөн нэвтрүүлэг хийвэл нөгөө хүндээ илүү нээлттэй ярих боломжийг нь олгох сайн талтай юм шиг. Яагаад гэвэл хүн камерын өмнө тэр бүр нээлттэй байж чаддаггүй юм билээ. Олон жил дуншиж явсан нэвтрүүлэг л дээ. Ер нь хүний дотоод ертөнц рүү ойртоно гэдэг маш хэцүү асуудал. Үнэндээ халгаад эмээгээд байсан юм. Бид энэ нэвтрүүлгээрээ болох болохгүйн тухай сонсож, тэдгээрийг нь шийдвэрлэх бус хүнд байдлаас гарах боломж байгаа гэдэг итгэл үнэмшлийг бага ч гэсэн өгөхийг л зорих болно. Нэг хүнд ч болсон сайн сайхан зүйлийг мэдрүүлж, амьдралд итгэх итгэлийг нь эргүүлэн өгч, аз жаргалтай олон сайхан гэр бүлийн баялаг туршлагаас хуваалцах юм. Олон байгууллага хамтарч ажиллах саналаа ирүүлж байна. Жишээ нь, www.emegteichuud.mn, мөн Хувь хүний хөгжлийн институт гэх мэтээр цааш үргэлжилж байна. Мөн хорих ангиуд, өндөр настны асрамжийн газартай хамтарна гэж бодож байгаа.
 
-Нэвтрүүлгийн нэрний тухайд жаахан тодруулаач?

-Хүний амьдралын насыг залуу, дунд, өтөл нас гэж гурав хувааж болох юм шиг санагдсан.  Дунд нас гэдэгт бидний яриад байгаа 40 насыг тооцож болмоор. Энэ л насандаа хүн илүү ухаажиж, бие физиологийн хувьд ч тэгширдэг юм шиг санагддаг. Ер нь 40 нас бол өнгөрсөн, ирээдүйн тууль юм уу даа. Нэвтрүүлгийн нэр “40 нас” гэж байгаа болохоор зөвхөн энэ насныхны тухай яриа байж болохгүй юм байна гэж ярилцаад залуусын радио Р3-тай хамтрах нь зөв гэж шийдсэн. Мэргэжлийн сэтгэлзүйчдийн баг бидэнтэй хамтарна. Олон нийтийг хамарсан, зорилтот бүлэгтээ хүрч чадсан нэвтрүүлэг байж чадах болов уу гэж найдаж байна. Олон нийтийн цахим хуудас “Фэйсбүүк”-т ''40 нас радио клуб'' ток шоу гэсэн нэртэй групп хаяг нээсэн байгаа. Та бүхэн энэ хуудсанд нэгдэж, санаа бодлоо илэрхийлж болно. 10 дугаар сарын 10-ны Баасан гарагийн 17:05 цагаас МҮОНР-ийн Нэг, Хоёр, Гуравдугаар суваг буюу Р3 радиогоор нэгэн зэрэг сонсогчдодоо шууд хүрнэ. Та бүхэн манай нэвтрүүлгийг тухлан сонсож, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Бид таны сэтгэлээ нээж, бодлоо хуваалцах итгэлт анд,  амьдралыг эргэцүүлж, шинэ санаа шинэ эрч хүч авах талбар тань байх болно.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Г.Болор: Олон жил дуншсан нэвтрүүлэг л дээ...  
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-08-16 09:21
manai nisehiin enebish, terbish 2-toi adilhan yumaa.
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-10-02 16:59
Uneheer tiim gazar bddgu shde saihn nevtruuleg bolh bha amjilt husii
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-10-02 16:25
Uneheer tsaga olsn sedev bna shuu. Hiih setguulch n ch abiyastai chadaltai emegtei bna. Shn duuldg bizde.amjilt husie.demjitsgeeye.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-02 13:56
Амжилт.

Бидэнтэй нэгдээрэй