Шууд Chart

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ

2025-12-19 16:27:16

Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2025 оны 12 дугаар сарын байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд нийтийн эрх ашигт учирсан хохирол нөхөн төлбөрийг шийдвэрлүүллээ.

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн зарим арга хэмжээнүүдээс дурдвал:

-Төрийн өмчийн барилга байгууламжийн хууль бус эзэмшлийг зогсоох зорилгоор “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨААТҮГ-тай хамтран шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд төрийн өмчийг эзэмшиж, ашиглах боломжийг бүрдүүлэв.

-Нийслэлийн өмчийн харилцааны газрын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, төрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нийслэлийн төсөвт 1.944.295.276 төгрөгийн орлогыг төвлөрүүлэхэд хамтран ажилласан.  

-Нийслэлийн прокурорын газраас санаачлан Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоох, нэхэмжлэл гаргуулах ажиллагааг цахимжуулах ажлыг Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.   Үүний үр дүнд мөрдөн шалгах ажиллагаа түргэн шуурхай явагдах боломжийг бүрдүүлж, нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд эрүүгийн хэрэгт хохирлыг хамтатган гаргуулснаар 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд гэм буруутай хүнээс 3.498.285.525 төгрөгийг буцаан төвлөрүүлсэн.  

-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэгт хууль бусаар газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар дүүрэг, Нийслэлийн Засаг даргад Нийслэлийн прокурорын газраас албан бичгээр хандсанаар төрийн захиргааны байгууллагаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тодруулбал, иргэдийн шударгаар газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар 15 иргэн, 1 хуулийн этгээдэд хууль бусаар  газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, явган хүний зам дээр барилга барьсныг албадан чөлөөлүүлсэн.

-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах зорилгоор Шатахуун түгээх станцын зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авахуулахаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсний үндсэн дээр улсын комисст хүлээлгэж өгөлгүйгээр хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан шатахуун түгээх станцад шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласан.   

-Авлигын эсрэг гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан нийт 3.070.048.220 төгрөгийн хохирол бүхий 2 хэрэгт прокуророос нэхэмжлэл гаргасны дагуу шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд газар ашиглагч иргэн нь байгаль орчинд ээлгүй төмөр хашаа хайс барьсны улмаас 2025 оны 07 дугаар сард “Халиун буга” гэдсээрээ хашаанд хүүлэгдэж үхсэн хэрэгт Хүрээлэн буй орчинд учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар зорилгоор Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтах Халиун буганы хохиролд 25 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 


Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ   
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй