Шууд Chart

М.Энхбаяр улсын аварга боллоо… 

2026-01-26 11:48:42

Байт харвааны 2026 оны танхимын УАШТ-ий рекурв харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 78 харваач цэц сорьсноос “Котинос” клубийн харваач, спортын мастер М.Энхбаяр түрүүллээ. Тэрээр шигшээ шатанд М.Нармандахтай өрсөлдөж, эхний ээлжид тэнцсэн ч дараалан 3 ээлжийн хожлыг авч 7:1 харьцаатай ялсан байна.

Ингэснээр УАШТ-ий ганцаарчилсан төрөлд 2 дахь алтан медаль, багийн төрлүүдтэй нийлээд 5 дахь алтан медалиа хүртжээ. 2015 оноос насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж эхэлсэн тэрээр өнгөрсөн хугацаанд УАШТ-ээс ганцаарчилсан болон багийн төрлүүдэд нийт 14 медаль хүртээд байна.

М.Энхбаяр анх 2013 онд “Галт Сум” клубт анхны багш, спортын мастер Ө.Цэрэнмядаг багшийн удирдлагад тамирчны гараагаа эхлүүлж байжээ. 

 

Мөнгөн медалийг “Добу Мэргэн” клубийн харваач М.Нармандах хүртлээ. Түүний хувьд УАШТ-ий ганцаарчилсан төрөлд анх удаа аваргын төлөө шалгарсан нь энэ байв. Ингэхдээ хагас шигшээд өнгөрсөн жилийн хүрэл медальт, ОУХМ Б.Буянтүшиг, шөвгийн наймд өнгөрсөн жилийн аварга, ОУХМ Б.Отгонболд нарын үндэсний шигшээ багийн шилдэг тамирчдыг ялан гарч ирж, энэ жилийн тэмцээний гол шуугианыг тарьсан тамирчдын нэг болсон юм. 

 

Хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Дашнамжил хүртлээ. Тэрээр 2025 оны танхимын УАШТ-д мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү хоёр жил дараалан УАШТ-ий медальтан боллоо. 

Гэхдээ Д.Дашнамжил эрэгтэйчүүдийн багийн төрлийн тэмцээндээ "даагаа нэхэж", аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрээр "Алдар" спорт хорооны багийн хамтаар шигшээ харваанд 6:2 харьцаатай "Добу Мэргэн" клубийн багийг хожжээ.

Мөн М.Нармандах "Добу Мэргэн" клубийнхээ багийн хамтаар багийн төрөлд амжилттай оролцож, 2-р байрт шалгарснаар хос мөнгөн медаль хүртсэн юм. 

Хүрэл медалийн харваанд "Эрч" клуб 5:3 харьцаатай "Нийслэл Өргөө" багийг хожсон байна.  

Эрэгтэйчүүдийн багийн харвааны дүн (рекурв):

  1. "Алдар" спорт хороо - Д.Дашнамжил, Б.Отгонболд, Н.Мөнхбаатар
  2. "Добу Мэргэн" клуб - Н.Ананд, Б.Болор-Эрдэнэ, М.Нармандах
  3. "Эрч" клуб - Ц.Цэнгүүн, Б.Билгүүдэй, Б.Мөнхбаясгалан

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

М.Энхбаяр улсын аварга боллоо…   
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй