Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.
2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн Урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2026 оны А/49 тоот тушаалаараа батламжлав.
Н.Дамдиндорж нь 1967 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 1976–1984 онд Дуут сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 1990 онд Улаанбаатар хотод Улсын багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр суралцан төгссөн. Тэрээр бага наснаасаа урианхайн алдарт туульч Заны Жилкэр, түүний охин Норолмаа нарын зэрэг нэрт туульчдын дэргэд өсөж, тууль, цуур, товшуур хөгжмийн язгуур уламжлалыг сурч, 1992 оноос урианхай тууль, цуур, товшуур хөгжмийг хүүхэд, залуучуудад тогтмол зааж, дотооддоо 750 гаруй шавь сурган гаргажээ. Мөн “Дуут нуур” язгуур урлагийн хамтлагийг байгуулж, тууль, цуур, товшуур хөгжмөөр сум, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцон хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр 300 гаруй медаль, шагнал хүртсэн байна.
Н.Дамдиндорж нь урианхай түмний тууль, цуур, магтаал, хошин яриа зэрэг эх хэл, аман уламжлал, язгуур урлагийн олон өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ төрийн тахилгат хайрхан, орон нутгийн овоо тахилгын ёслолд тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг язгуур хэв шинжээр нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч юм. Тэрээр “Монгол тууль”, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцож байжээ.
Н.Дамдиндоржийн Монгол үндэстний соёлын биет бус өвийн сан хөмрөгийг хамгаалах үйлсэд оруулж байгаа жинтэй хувь нэмрийг ийнхүү үнэлж, 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулжээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
| Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2025 оны шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа | ||
| Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.