Азийн наадам өчигдөр өндөрлөлөө. Энэ мэдээтэй уралдан өнөө өглөө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “БНСУ-ын иргэн болох хүсэлт гаргажээ. Тэрхүү хүсэлтийг нь БНСУ-ын тал зөвшөөрлөө” гэх мэдээллийг Солонгосын сайт, сонинуудаар мэдээллээ. news.jtbc.joins.com сайтад мэдээлснээр “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь Монголын шүүхээс 2 жил хоригдох ял авсан хэдий ч өвчний улмаас суллагдаж, манай улсад ирж эмчлүүлж байна. Энэ нь нэг үгээр хэлбэл, цөллөгт байгаа гэсэн үг юм. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч байсан хүн манай улсын иргэн болох хүсэлт гаргаж буй нь анхны тохиолдол болж байна. Тэрбээр гэр бүлийн хамт өнгөрөгч оны наймдугаар сард манай улсад ирсэн бөгөөд БНСУ-ын иргэн болох хүсэлтээ илэрхийлсэн юм” гэсэн бол тус улсын төв хэвлэл Жунганг Илбу өдөр тутмын сонинд “Намбарын Энхбаяр, Ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ манай улстай онцгой найрамдалт харилцааг хадгалж ирсэн бөгөөд саяхан гэр бүлийн хамтаар БНСУ-д орогнохоор боллоо. Түүний энэхүү үйлдлийг Монгол Улсын хэвлэлүүд дахин баривчлагдахаас зайлсхийж, орогнож байна гэж дүгнэж байгаа юм" гэжээ.
Бид энэ мэдээллийн бодитой эсэхийг дараах эх сурвалжуудаас тодруулсан юм. МАХН-ын Нарийн бичгийн дарга Г.Дугаржавтай холбогдлоо. Тэрбээр “Энэ мэдээлэл худлаа. Бараг сарын өмнө манай мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан мэдээллүүд дээр үндэслээд Солонгосын хэвлэлүүд мэдээ бэлтгээд байна. Бид энэ талаарх албан ёсны мэдээллийг удахгүй өгнө” гэв. Харин үүнд Н.Энхбаярын хүү Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар “Энэ бол огт үндэслэлгүй зүйл. Ийм мэдээлэлд итгэх хэрэггүй” гэлээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Иймэрхүү явуулгыг хэн ч захиалаад хийлгэчих байх. Улстөр тогтворгүй байгаа өнөө үед ийм асуудал ярих нь хэр оновчтой болохыг мэдэхгүй байна” гэж байв.
Монголчуудыг нэлээдгүй бухимдуулсан Азийн 17 дугаар наадмын дараа бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч байсан хүний талаар ийм ташаа мэдээлэл гаргасанд олон нийт ихээхэн бухимдалтай хандаж байна. Өглөө олон нийтийн хэрэгслээр цацагдсан уг мэдээнд хүмүүс бухимдлаа илэрхийлээд амжжээ.
Тэдний ярьж буйгаар “Азийн наадмаар Монголын баг тамирчдын амжилтыг үгүйсгэсэн, Монголыг хятадын монгол гэж зарласан, төрийн далбааг буруу харуулсан зэргээр гутаан доромжилсон нь багадаад ийнхүү улсын ерөнхийлөгч байсан хүнээр оролдож, бидэнд сэтгэл санааны дайралт хийж байна”, “Хоёр улсын иргэдийг хагаралдуулах гэсэн башир арга”, “Энэ талаарх ихэнх мэдээлэл шар хэвлэл, сайтын хуудаснаа бичигдсэн байна. Итгэхэд бэрх л юм. Гэхдээ үүнд элчин сайдын яамнаас мэдээлэл хийх хэрэгтэй байх” гэжээ.
Энэ нь дан ганц хүний орогнол хүссэн талаарх асуудал биш. Учир нь Монгол гэх тусгаар улсын Ерөнхийлөгч байсан хүнийг өдөр тутмын болоод шар сонинууддаа өөрийн улсад орогнох хүсэлт гаргасан, энэ нь Монголын улс төрийн байдалтай холбоотой, бид танай улсын ерөнхийлөгчийг орогнуулж байгаа шүү гэх мэтээр бичиж, илэрхийлэх нь зүйд хэрхэн нийцэх вэ.
Ер нь нэлээдгүй асуудалтай болж өндөрлөсөн Азийн наадмын дараа ийм мэдээлэл гаргасан нь нэг үгээр “Монголчууд дуугүй байгаарай. Танай гурав дахь Ерөнхийлөгч чинь бидэнд байгаа шүү” гэж сүрдүүлж буй үйлдэл мэт санагдаж байна. Гэхдээ бид энэхүү мэдээлэлд БНСУ-ын талаас хариулт авахыг тус улсад суугаа элчин сайдаас шаардах учиртай. Энэ хоёр улсын дипломат харилцаатай холбоотой асуудал учраас зөв, бурууг адилхан дэнслэх нь зүйн хэрэг. Тэгэлгүйгээр Азийн наадмаас үлдсэн сэтгэл хөдлөлөө даган “Солонгосын буруу, солонгосын өдөөн хатгалга” гэх мэтээр ярьж бас болохгүй.
Харин үүнийг манай улсын гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Нэгдүгээрт, энэ мэдээлэл бидэнд албан ёсоор ирээгүй” гэсэн юм. Биднийг Солонгос улсад суугаа Монголын ЭСЯ-тай холбож өгөөч гэсэн хүсэлтийн хариуд “Энэ талаарх мэдээлэл, асуудал бидэнд хамаагүй. Бидэнд одоо Солонгос улсад суугаа Монголын элчин сайдаас тодруулах боломж алга” гэж хариуллаа.
Хэрэв Солонгосын талаас энэ асуудлыг үнэн хэмээн батлавал Н.Энхбаярын улс төрийн замнал дуусах юм. Учир нь Монгол Улсын “Улс төрийн намын тухай” хуулийн 2005 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн шинэчилсэн найруулгын 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах эрхтэй” хэмээн заасан байдаг билээ. Үүнээс гадна Улсын төрийн тэргүүн байсан хүн тийм ч амар иргэншлээсээ татгалздаггүй байх юм. Тухайн иргэн иргэншлээ орхихын тулд эхлээд харьяатаас гарах хүсэлт гаргаж түүнийг нь Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага авч хэлэлцээд, Цагдаагийн газар Тагнуулийн ерөнхий газраас санал, дүгнэлтийг авч эцэс нь Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах ёстой бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг зөвшөөрөх, татгалзах эсэхээ шийддэг аж. Харин одоогоор ийм мэдээлэл байхгүй байгаа учир Солонгосын хэвлэл мэдээллээр цацагдсан энэхүү мэдээлэлд итгэх үндэслэлгүй ажээ.
Гэхдээ БНСУ-ын хийж буй үйлдлүүдэд манай улс ямар нэгэн хариулт авах хэрэгтэй болсон мэт. Азийн наадмын олон асуудлуудад нь Монголын багийн ахлагчдаас өөр хүн ямар нэгэн асуулга тавьсангүй. Улсын төрийн тэргүүн байсан хүнийг иргэншилдээ хүлээн авсан мэтээр бичихэд нь дуугүй байж болохгүй мэт. Энэ ганц хүний асуудал бус нэг гүрний тусгаар тогтнолын талаарх асуудал билээ.
Азийн наадмаас эхлэлтэйгээр Монгол, Солонгосын ард түмний дунд нэлээн том хагарал үүсч байна. Энэ нь олон жилийн найрсаг харилцаатай явж ирсэн манай хоёр орны харилцаанд сэв суух хэмжээнд хүрч болзошгүй байгаа юм.
Ер нь гадаад харилцааг зохицуулах ёстой Гадаад хэргийн яам ийм чамлалттай хариулт өгч байгааг шүүмжлэхгүй орхиж боломгүй. Азийн наадамтай холбогдуулан БНСУ-ын Элчин сайдын яам манай улсад амьдарч буй иргэддээ хандан ямар утга агуулгатай сэрэмжлүүлэг хүргэж байсан билээ. Гэтэл манай улс энэ хэрэгтэй холбогдуулан Солонгост амьдарч буй иргэддээ хандан анхааруулга, сэрэмжлүүлэг маягийн нэг ч зүйл хэлээгүй. Хоёр улсын иргэд хоорондоо үзэн ядалцаж эхэлсэн энэ үед манай талаас дипломат байр суурь илэрхийлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Биднийг “Өө яах вэ тэгж байгаад болно биз дээ” гэж алгуурлаж явсаар байтал тэд “Дарин дээр давс нэмэх”-ээр мэдээллүүдээ гаргасаар л байвал яах вэ.
Солонгосчууд "дарин дээр давс нэмэв" үү | ||
Үзсэн: 4066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.