Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

2026-02-27 10:14:04

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд, төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх эв нэгдлийг хангах Үндсэн хуулиар олгогдсон үндсэн чиг үүрэгтэй.

Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө гэж Ерөнхийлөгч үзэж байна.

Хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой юм.

Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй хэвээр байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга, хариуцлaга, ёс зүй өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачиллаа.

Хуулийн төсөлд:

  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
  • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
  • Парламентат суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газраас санал авч, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлнэ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ  
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй