Шууд Chart

Монгол Улсад болох СОР17-г Британи улсад нээж Британийн парламентын ордонд арга хэмжээ зохион байгуулав

2026-02-27 10:54:10

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17)-ыг энэ онд даргалж буйтай холбогдуулан Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Британийн Парламентын ордны Лордуудын танхимд “Монгол Улсад зохион байгуулагдах СОР17-г Британи Улсад нээж, Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг тэмдэглэсэн үдийн цай хүлээн авалт” арга хэмжээг зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээг “Бэлчээрийн тогтвортой менежментийн зөвлөл” (Rangeland Stewardship Council), “Тогтвортой ноос, ноолуурын эвсэл”-ээс санаачлан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар (UNCCD), Монгол-Британийн худалдааны танхим тус Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулав. Арга хэмжээг Парламентын ордонд зохион байгуулахад Британийн Лордуудын танхимын гишүүн Баронесс Нортховер, Баронесс Эванс, Британийн Нийтийн танхимын гишүүн, Британийн Парламент дахь Бүх намын Монголын бүлгийн дарга Жэймс Вайлд нар дэмжлэг үзүүлэв.

Британи Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Энхсүх арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр Монгол Улс СОР17-г даргалах хүрээнд баримталж буй тэргүүлэх чиглэлүүд болон дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” (Steppe Action Agenda) санаачилгыг танилцуулав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Британи Улсад айлчлах үеэрээ энэхүү арга хэмжээнд оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цэвэр эрчим хүчинд шилжих олон улсын хүчин чармайлтад Монгол Улс чухал түүхий эдийн салбарын хүрээнд хэрхэн оролцож буй талаар товч танилцуулав.

Мөн арга хэмжээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын байгаль хамгаалах холбоо зэрэг байгууллагаас төлөөлөгчид уригдан оролцож үг хэлэв. Түүнчлэн СОР16-г даргалсан Саудын Араб Улсын Байгаль орчны дэд сайд Осама Ибрахим Факийха видео мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсад болох СОР17-ын талаар Британийн холбогдох байгууллагуудад сурталчлан таниулах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн. Арга хэмжээнд Британийн парламентын гишүүд, засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын 200 орчим төлөөлөгч оролцов гэж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17

Монгол Улсад болох СОР17-г Британи улсад нээж Британийн парламентын ордонд арга хэмжээ зохион байгуулав  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй