Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, Азийн Гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайзыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол Улс, Азийн гамшгийн бэлэн байдлын төв хоорондын хамтын ажиллагаа 2000 оноос эхэлж, гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сургалт, уулзалт семинарыг зохион байгуулах, бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд албан ёсоор гишүүнээр элсэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус төвд гишүүнээр элссэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бүс нутгийн бодлогод тусгах, гамшгаас хамгаалах салбарын бодлого, төлөвлөгөөнд нийцүүлэн техникийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт, хөтөлбөр зохион байгуулах, уур амьсгалын ногоон сангийн болон бусад олон талт хөрөнгө оруулалтыг татах, бүс нутгийн сургалт, мэдлэг, мэдээлэл солилцох платформ, туршлага солилцох үйл ажиллагаанд тогтмол хамрагдах, олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг боломжууд бий болж байгааг онцоллоо.
Цаашид гамшгийн эрсдэлийн удирдлага, эрсдэлийн санхүүжилт, эрт сэрэмжлүүлэг, орон нутгийн чадавх бэхжүүлэх, уур амьсгалд дасан зохицох арга хэмжээ, сайн дурынхны оролцоо, сургалт судалгааны чиглэлээр Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайз цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийг гамшгаас хамгаалах бие даасан чадавх, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх, гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх, гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.