Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд мах, махан бүтээгдэхүүний салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулсан мэдээлэл, санал солилцох арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын махны холбооны удирдлагууд, экспортлогч компаниуд оролцож, Евразийн зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж, анхаарах асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү үг хэлсэн бол Монголын махны холбооны Гүйцэтгэх захирал Н.Батсуурь тэргүүтэй экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван улсаас Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Харин Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Армени Улс соёрхон батлуулахаар парламентдаа өргөн бариад байгаа билээ.

Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бараанд импортын тарифыг тэглэхээр тохирсон бөгөөд үүний 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, нэхмэл эдлэлийн экспортыг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 180 сая хүн ам бүхий томоохон зах зээлийг нээх, уул уурхайн бус экспортын төрөлжилтийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм.
Хэлэлцээрийн үр өгөөжийг бодитоор хангах, бэлтгэл ажлыг сайтар хангах зорилгоор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан замын зураглалыг боловсруулж байна. Энэ хүрээнд хорио цээрийн шаардлагыг харилцан тохиролцох, мал, ургамлын эрүүл мэндийг хамгаалах, лабораторийн шинжилгээний дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг экспортыг дэмжих чиглэлээр холбогдох ажлуудыг эхлүүлээд байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
| Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломжийг танилцуулав | ||
| Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.