Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гадаадад амьдарч буй монголчууд төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэв

2014-10-07 09:24:15
Error loading player: No playable sources found

Өчигдөр Үндэсний мэдээллийн төвд гадаадад амьдарч буй монголчуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хандан дөрвөн асуудлын талаарх шаардах бичгийг хүргүүлсэн юм. Шаардлагын хариуг энэ сарын 13-нд авах аж.

Албаны тоогоор Монгол Улсын 200 мянга гаруй иргэн гадаадад амьдардаг бөгөөд тэд эх орныхоо төлөө үргэлж санаа зовж явдаг гэж хэвлэлийн хурал зарлагчид ярьж байв.

Гадаадад амьдарч буй монголчуудын төрийн өндөрлөгүүдэд илгээсэн шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын нийт гишүүдэд хандах нь:
Гадаадад сурч, ажиллаж буй эх орноо гэсэн халуун сэтгэлтэй олон мянган монголчуудын төлөөлөл болсон бидний хэсэг иргэд Монгол Улсын Үндсэн xуулийн 3.1-р заалтаар баталгаажсан “Төрийн үйл хэрэгт шууд оролцох”, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2-р заалтаар олгогдсон “Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асyудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал гомдлоо тавьж шийдвэрлүүлэх” эрхээ эдэлж дараах шаардлагыг та бүхэнд хүргүүлж байна.

Сүүлийн үед Монголын эдийн засаг, нийгэм улс төрд гадныхны ноёрхлыг тогтоохын төлөө хэт улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч буйд Монгол Улсын жинхэнэ эзэд, иргэд бид нэн түгших боллоо. Тухайлбал, Монгол Улсын газар нутаг, эрдэс баялгийг харийнханд найр тавин олгох зорилготой хэсэг бүлэг хүмүүс холбогдох хуулиудыг яаравчлан шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулахаар санаархаж буй нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол ард түмний удмын сангийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөрөнгө өмчлөх, эзэмших эрх, газар нутаг ард түмний мэдэлд байх, бэлчээр өмчлүүлэхийг хориглох тухай Үндэсний аюулгүй байдлын тухай болон Үндсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, үндэсний язгуур эрх ашигт тэрсэлж байгаа тул нэр бүхий хуулиудыг эргүүлэн татаж, одоо хэлэлцэгдэж буй хуулийн төслүүд болон хэрэгжиж эхэлсэн төсөл санаачлагуудыг нэн даруй таслан зогсоохыг бид хатуу шаардаж байна. Үүнд:

1.Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай зэрэг онц чухал хуулиудыг шинэчлэх төслүүдийг зогсоох. Цаашид эдгээр хуулиудыг шинэчлэн засварлах төслүүдийг иргэний нийгэм, ард иргэдийн хяналтан дор олон нийтийн нээлттэй санал асуулга явуулж батлуулж байх.

2.Асар их хор хөнөөлтэй цацраг идэвхит ашигт малтмал, үүнд уран болон газрын үнэт металл олборлоx, атомын цахилгаан станц барих, гадныхны ашигласан цөмийн түлшийг эргүүлж авах, Монголд цөмийн хаягдал булшлах далд зорилготой Цөмийн энергийн хуулийг хүчингүй болгож, ард иргэд, иргэний нийгмийн тэгш оролцоотойгоор шинэчлэх.

3.Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нарийн царигтай төмөр зам барих, Хятадынтөрийн өмчийн Банкийг (Bank of China) Монголд оруулаx санаачлагуудыг таслан зогсоох. 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг” баримталж ажиллах.

4.Дээр дурдсан хуулиуд болон хуулийн төслүүдийг санаачлагч байгууллага, эрх мэдэлтнүүдийгнийтэд ил тод зарлаж, тэдэнд хариуцлага тооцох. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиудыг зөрчин Монголын газар нутгийг гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх зорилготой Газрын тухай хуулийн төслийг боловсруулж, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарыг Монгол улсын эрх ашгаас урваж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцож, хатуу шийтгэхийг тус тус шаардаж байна.

Энэхүү бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногт багтааж буюу энэ оны 10 дугаар сарын 13-ны дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу өгөхийг шаардаж байна. Шаардлагын дагуу хариу арга хэмжээ аваагүй тохиолдолд бид Монголд болоод олон улсад эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд болон УИХ-ын гишүүд нь хуурамч ардчилал, хүний эрхийн халхавчин дор эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж, эх орноосоо урван тэрсэлснийг олон улсад зарлаж, эрх ашгаа хамгаалан олон улсын шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байна.

Гадаадад суугаа Монголчуудыг төлөөлж:

Америкаас 1194 иргэн
Англиас 355 иргэн
Даниас 5 иргэн
Ирландаас 156 иргэн
Францаас 40 иргэн
Швейцараас 219 иргэн
Японоос161 иргэн
Өмнөд Солонгосоос 270 иргэн
Нийт 2400 иргэн энэхүү шаардлагыг дэмжиж гарын үсэг зурав.



 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Гадаадад амьдарч буй монголчууд төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэв  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй