Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулиар аймгийн сонгуулийн хорооны дэргэд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг батлав. Мэдээллийн технологийн багийн гишүүдийн бүрэлдэхүүнийг өмнөх сонгуулиудад ажилласан туршлага, мэргэшсэн байдлыг харгалзан томилсон бөгөөд 17 гишүүн санал авах байрнуудад ажиллах 52 мэдээллийн технологийн даамлыг хариуцан ажиллах юм.
- Санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан сонгуулийн төв байгууллагад ирүүлээгүй зургаан улс төрийн намыг идэвхгүйд тооцуулахаар холбогдох мэдээллийг Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр тогтлоо. Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам санхүүгийн хагас жилийн тайлангаа жил бүрийн 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлдэг. Улс төрийн нам хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Монгол Улсын дээд шүүх тухайн намыг идэвхгүйд тооцох шийдвэр гаргахаар Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан.
2025, 2026 онд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас Монголын Либерал нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Монгол Шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал Шинэчлэлийн нам санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй. Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газраас улс төрийн намуудад санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлэх талаар 2025 онд 15 албан бичиг, 2026 онд нэг албан бичиг хүргүүлж, удаа дараа холбогдон шаардлагатай мэдээлэл, зөвлөмж өгч ажилласан ч тайлангаа ирүүлээгүй байна.
- Сонгуулийн автоматжуулсан системийн санал тоолох, тэмдэглэх төхөөрөмжийг нөхөн бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
| Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов | ||
| Үзсэн: 167 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.