Жил бүрийн гуравдугаар сарын 25-ны өдрийг дэлхийн зарим улс оронд Абортод өртсөн хүүхдүүдийг дурсах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдөр нь төрөх боломжгүй болсон ургийн амь насыг дурсахын зэрэгцээ хүсээгүй жирэмслэлт, эхийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, нийгмийн хариуцлагын талаар олон нийтэд ойлголт өгөх зорилготой юм.
Анх 1993 онд Аргентин улсын Ерөнхийлөгч Карлос Сауль Менем гуравдугаар сарын 25-ны өдрийг “Төрөөгүй хүүхдүүдийн өдөр” болгон албан ёсоор зарласнаар тэмдэглэж эхэлжээ. Гуравдугаар сарын 25-ны өдрийг сонгосон нь Католик шашны уламжлалд Есүс Христ эхийн хэвлийд бүрэлдсэн өдөр гэж үздэгтэй холбоотой аж.
Үүний дараа Чили, Эль Сальвадор, Гватемал, Никарагуа, Коста Рика зэрэг Латин Америкийн зарим улс орон болон олон нийтийн байгууллагууд энэхүү өдрийг дурсгалын хэлбэрээр тэмдэглэх болсон байна. Гэхдээ энэ өдөр нь НҮБ болон олон улсын байгууллагуудаас албан ёсоор баталсан өдөр биш бөгөөд дэлхийн улс орнууд харилцан адилгүй байдлаар ханддаг, маргаантай сэдэв хэвээр байдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий даяар жил бүр ойролцоогоор 73 сая орчим үр хөндөлт хийгддэг байна. Энэ нь нийт жирэмслэлтийн ойролцоогоор 29 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Мөн үр хөндөлтийн 40 гаруй хувь нь аюултай нөхцөлд хийгддэг бөгөөд үүнээс шалтгаалан жил бүр ойролцоогоор 30 мянга орчим эмэгтэй амь насаа алдаж байгаа талаар мэдээлжээ.
Судлаачдын үзэж байгаагаар хүсээгүй жирэмслэлт нь нийгэм, эдийн засгийн байдал, боловсролын хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээний боломж, гэр бүл төлөвлөлтийн мэдлэг зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байдаг байна. Иймээс энэ өдрийг зөвхөн дурсгалын өдөр төдийгүй урьдчилан сэргийлэх, боловсрол олгох ач холбогдолтой гэж үздэг.
Иймд дэлхийн зарим улсууд:
- Гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл түгээх
- Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
- Эхийн эрүүл мэндийн талаарх сургалт зохион байгуулах
- Хүсээгүй жирэмслэлтийг бууруулах чиглэлээр кампанит ажил өрнүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна.
Үр хөндөлтийн асуудал нь дэлхий дахинд маргаантай хэвээр байгаа ч боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн дэмжлэгийг сайжруулах нь хүсээгүй жирэмслэлтийг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон улсын байгууллагууд онцолдог.
Абортод өртсөн хүүхдүүдийг дурсах өдөр нь хүний амьдрал, эхийн эрүүл мэнд, нийгмийн хариуцлагын талаар эргэцүүлэх, ирээдүйд эрсдэлийг бууруулах талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өдөр хэмээн үздэг байна.
| ӨНӨӨДӨР: Абортод өртөж амиа алдсан хүүхдүүдийг дурсах өдөр | ||
| Үзсэн: 98 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.