Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

А.Отгонбаатар: Оюутны холбоо оюутнуудын эрх ашгийг хамгаалахаа больсон

2014-10-07 16:35:02
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монгол Залуу хүн” ТББ-ын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 4-нд Дархан хотноо зохион байгуулагдсан МОХ-ны XIII чуулга уулзалтын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, энэхүү хурал улс төрийн хөл гар болсон зарим хүмүүсийн айлгалт сүрдүүлгэ дор зохион байгуулагдсан гэв.

“Монгол Залуу хүн” ТББ-ын тэргүүн А.Отгонбаатар “Уг нь энэ хурал хоёр жилд нэг удаа зохион байгуулагдахдаа оюутны хөгжил, эрүүл мэнд, сурах орчин, тэтгэлэгт хөтөлбөр, эрх ашгийн тухай ярих хэрэгтэй байтал энэ удаагийнх тийм байж чадсангүй. Уулзалтад оролцохоор очсон оюутнуудын үг хэлэх эрхийг хязгаарлаж, эсэргүүцэл илэрхийлвэл хурлын танхимаас гаргана гэх мэтээр сүрдүүлж байсан. Оюутнуудын асуудлыг ярилцахаар, Монголын оюутны холбооны ерөнхийлөгчийг сонгохоор цугласан уулзалтыг цагдаа нараар хамгаалуулаад байх хэрэг байхгүй. Намайг хурлын танхимаас цагдаа нараар хөөлгөж гаргасан. Нөгөө Н.Энхбаяр даргыг хөлийг нь гозолзуулаад өргөөд гаргадаг шиг. Тэнд байсан оюутнууд бие засах ч эрхгүй байсан. Энэ үгийг нотлуулахаар бид оюутан авчирч болох л байлаа. Гэхдээ оюутан үг хэлчихээр сүрдүүлдэг, дарамталдаг. Бид тэр оюутнуудыг асуудалд унагах эрх байхгүй. Ер нь Монголын оюутны холбоо гэдэг байгууллага оюутнуудын төлөө ажиллахаа больсон. Цаашдаа бүр ч ажиллахгүй. Бид цаашид оюутны эрх чөлөөг хамгаалж, тэдний дуу хоолой болон тэмцэх болно” гэлээ.

Т.Цэнд-Аюуш: Монголын оюутнууд хаалттай, хамгаалагчтай хаалганы цаана чуулах ёсгүй

Тус ТББ-ын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харьцах хэлтсийн ажилтан Т.Цэнд-Аюушаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та Дархан хотод болсон чуулганд очсон хүн. Тэнд яг ямар зүйл болсон юм бэ?
-Өмнө нь заалан доторхоос гадна байгаа хүмүүсээс МОХ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж болдог байсан. Сая чуулган дээр очоод ийм л асуулга тавьсан. Хийсэн зүйлээ тайлагнаж, хийх зүйлээ ярихаар очсон. Гэтэл 40 гаруй цагдаа, 20 гаруй хамгаалагчийг хөлслөөд Дархан хотын Залуучууд ордныг хамгаалалтад авч хэнийг ч оруулаагүй. Хэнийг ч оруулаагүй болохоор дотор яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Биднийг оруулахгүй болохоор А.Отгонбаатарыг хүчээр оруулсан. Гэтэл түүнийг оруулсны дараа хамгаалагчид нь өргөөд гаргаад ирсэн.

-Ер нь МОХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх хүмүүсийн нэр өмнө нь тодорхой болох уу. Тэгж байж чуулганаар хэнийг сонгох вэ гэдгээ мэдэх ёстой. Гэтэл яагаад гэнэт гаднаас нь нэрээ дэвшүүлж байна, намайг оруулсангүй гэх асуудал үүсгэв?
-МОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүмүүс мэдээж нэрээ ил гаргаж, ирэх хоёр жилдээ оюутнуудад зориулж юу хийж бүтээх вэ гэдгээ хэлэх учиртай. Гэтэл бүх зүйл хаалттай болсон. Оюутнууд нь гарч бие засах байтугай үг хэлэх ч эрхгүй байсан гэж хуралд оролцсон оюутнууд ярьж байсан.

-Үг хэлэх эрхгүй болчихоор тэр хүмүүсийг хэн сонгох юм бэ. Бараг хүчээр буюу өмнө нь холбооны тэргүүн сонгогдчихсон байдаг гэж ойлгож болох нь ээ?
-Ер нь ямар ч сонголтгүй болгож байна гэсэн үг л дээ. МОХ-доо ажилладаг хоёр хүнийг нэр дэвшүүлээд л тэр хоёр хүний аль нэгийг нь сонго гэж тулган шаардаж байгаа юм. Тэгээд хуралд оролцож байгаа оюутнууд яах ч аргагүй нэг хүнийг сонгох учиртай болохоороо ямар ч гарцгүй нэгийг нь сонгосон. Уг нь оюутнууд хэнийг сонгох вэ гэдгээ мэдэж, өөрсдийн толгойгоороо шийдэх ёстой байтал тэр боломжийг нь МОХ олгохгүй болохоор ямар юмныхан Оюутны холбоо байх юм бэ.

-МОХ-ны тэргүүнд хэн, хэн өрсөлдсөн бэ?
-МОХ-ны дэд тэргүүн байсан Д.Батчулуун, МОХ-ны Ерөнхийлөгч байсан Ч.Батсайханы зөвлөх Д.Батбаяр нар өрсөлдсөн. Тэгээд Д.Батбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Гэхдээ энэ үнэхээр үнэнд нийцэхгүй зүйл. Үүнээс харахад МОХ жилээс жилд аппарат нь өөрчлөгдөлгүй, харин ч тулга тойрсон нэг айлын хүүхдүүд удирдаад байгаа юм шиг болчихлоо. Ер нь УИХ-д сууж байгаа 76 гишүүн чуулганаа хаалттай, хамгаалалттай хаалганы цаана хийвэл ямар вэ. Түүнтэй ижил зүйл МОХ-д тулгараад байна. МОХ-ны чуулган гэдэг нийт оюутнуудын чуулган. Гэтэл түүнийг хаалттайгаар хашиж, хайрцаглаад байж болохгүй. Монголын оюутнууд хаалттай, хамгаалалттай хаалганы цаана чуулаад байж болох уу даа.

Э.Батжаргал: Монголын оюутны холбоог оюутан л удирдах ёстой

Дээрх асуудалтай холбогдуулан МОХ-ны Олон нийт хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Э.Батжаргалтай холбогдлоо.

-МОХ-ны 13 дугаар чуулгантай холбоотой олон асуудал гарлаа. Эдгээрийн нэг нь өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал байлаа. Үүнд МОХ ямар байр суурьтай байна вэ?
-Биднийг хоёр жилийн өмнө хурлаа хийж байхад наад нөхөр чинь мөн л ингэж оюутнуудад мөнгө төлж, жагсаал цуглаан хийж байсан. Манай байгууллага оюутны төлөө гэж ажилладаг цор ганц газар. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. А.Отгонбаатар гэдэг хүн сая Дарханд очоод манай хурал дээр согтуу орж ирж, хурал үймүүлсэн. Бид цагдаагийнхны тусламжтайгаар гаргасан. Тэр бичлэг нь ч байна.

-“МОХ улс төрд гарах гүүр болсон, энэ холбоог ямар нэгэн намын удирдлага дор байдаг хүмүүс удирддаг, улстөрчдийн гар, хөл болсон газар” гэж гадуур ярих боллоо. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Манай байгууллага харин ч улстөрөөс хол байдаг газар. Харин А.Отгонбаатар гэдэг хүн чинь Оюутны холбоог даргалж суух гэсэн улс төрийн ямар нэгэн амбицтай нөхөр. Ер нь МОХ улстөрөөс ямагт ангид байж оюутнуудынхаа сайн сайхны төлөө ажиллаж учиртай. Манай холбоо Монгол Улсын бүх шатны хяналт шалгалтыг өгдөг, шалгуулдаг. Жил бүр Аудиторын шалгалт ирдэг. Ямар нэгэн зөрчилтэй, улс төрийн гүүр бол түүгээр шалгагдаад аль эрт үнэн мөнөө яриулчих нь биз дээ. Оюутны байгууллагыг оюутан л удирдах ёстой. Бид тэр журмаараа л явсан.

-Үнэхээр оюутнууд гэж үү. Миний мэдэхээр Н.Санчирбаатарын хувьд нэлээд хэдэн жилийн өмнө сургуулиа төгссөн санагдаж байна?
-МОХ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Батбаяр 26 настай, Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Санчирбаатар 24 настай. Н.Санчирбаатарын хувьд ИЗИС-ийн Эдийн засгийн ангид суралцдаг оюутан. Оюутны байгууллагыг оюутан удирдах ёстой гээд байгаагийн учир нь энэ. А.Отгонбаатарын хувьд болоод тэр "Монгол залуу хүн" ТББ-ын хүмүүс 30 гарцгаасан байх. Тийм хүмүүс МОХ-г удирдана гэхээр ямар нэгэн улстөрийн ашиг хонжоо хараад байгаа юм биш үү гэж бодогдож байгаа. Ерөнхийдөө ийм л байр суурьтай байгаа даа.

-Яагаад заавал Дарханд очиж МОХ-ын ээлжит чуулганыг хийв ээ. Монголын нийт оюутнуудын олонх нь Улаанбаатар хотод суралцдаг. Гэтэл Дарханыг сонгож, тэгээд болоогүй хамгаалалт хяналтын дор чуулган зохиох хэрэг юу байна?
-Дархан хотын Засаг дарга манай аймагт ирж чуулганаа зохион байгуулаач ээ гэх хүсэлтийг тавьсан. Бид зөвшөөрсөн. Хамгаалалтын хувьд 200 гаруй оюутнуудыг авч очсон. Тэдгээрийн зарим нь Дархан хотыг сайн мэдэхгүй, зарим нь огт очиж үзээгүй хүмүүс байгаа болохоор хамгаалалт бидэнд шаардлагатай болсон. Тэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг аймгийн Засаг дарга бүрэн хариуцаж байсан болохоор бидэнд хамгаалалт гаргаж өгсөн.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж, удирдлагаа сонгодог МОХ-ны чуулган энэ мэтээр дуулиан шуугиан ихтэй болдог боллоо. Өмнөх жил “Сүнжин гранд” зочид буудалд зохион байгуулагдаж, дотор нь хурал болж гадна нь оюутнууд жагсаж байсан бол энэ удаагийнх нийслэлээс 200 гаруй км зайд орших Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж мөн л эсэргүүцлийн жагсаал, хэн нэгнийгээ доромжилсон үйлдэлтэйгээр өндөрлөжээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд оюутны төлөөлөл оролцсонгүй, оюутнуудын дуу хоолойг сонссонгүй гэх шүүмжлэл оюутнуудын дунд яригдах болсон. Энэ жилийн чуулга уулзалт, өмнөх жилийн жагсаал цуглаантай ижил болох вий гэж сэрэмжилсэн үү, эсвэл үнэхээр олон оюутны аюулгүй байдлыг хангахаар гаргасан Засаг даргын хамгаалалт уу гэдэг тодорхойгүй байна. Ямартай ч Монголын оюутнуудын төлөө ажиллах ёстой холбооны тэргүүнийг сонгохын тулд 200 гаруй оюутанг сонгож санал авна гэдэг учир дутагдалтай. Энэ тоо бүхэл бүтэн улсын оюутнуудын 30 хувьтай ч тэнцэхгүй гэж бодохоор ийм санал хураалтаар МОХ-ын удирдлагыг сонгож болох уу. Дээр нь УИХ-ын чуулганаас ч илүү сүр бадрааж, хамгаалалт авсан нь сонин.

Ер нь жил бүр виза карт, оюутны тэтгэлэг гэх мэтэд ороогдож, сайн муугаар хэлүүлдэг МОХ-ны удирдлага ямар "шидтэй" албан тушаал болоод ийнхүү олон хүнийг “алалцуулаад” байна вэ.
 

Error loading media: File could not be played
00:00
00:00
 
Нийтэлсэн: О.Шинэтуяа

А.Отгонбаатар: Оюутны холбоо оюутнуудын эрх ашгийг хамгаалахаа больсон  
Үзсэн: 2805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2014-10-08 12:10
хоёр удаа бүрэн гарах боломжтой хурал боллоо даан ч хурлын гадна үлдлээ хамгийн харамсалтай нь тэр хүнтэй хамт хийх ажил нь гадаа үлдэж байгаад харамсаж байна МОХ-д хийсэн ажилтай хийх юмтай оюутанаа гэх сэтгэлтэй Отгонбаатар шиг залуус гарах хэрэгтэй залуу мөн адил дэмжих хэрэгтэй
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2014-10-08 12:07
амжилт. отгонбаатар бол МОХ-ны ерөнхийлөгч 2 ч удаа болсон хүн. Залуучууд таныг дэмждэг шүү Отгонбаатар аа. Бүү бууж өгөөрэй. намд битгий ороорой.

Бидэнтэй нэгдээрэй