Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2026 оны гуравдугаар сарын 24-нд анхны хуралдаанаа хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулагдсан уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин ахалж байна. Хуралдаанаар ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүн, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн судалгаа, мэдээллийг танилцуулж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ.
Ажлын хэсэг цаашид мэргэжлийн байгууллагуудын санал, байр суурийг сонсох, ирэх долоо хоногт онол, практикийн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтсон байна.
Хуралдааны үеэр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалтыг анхаарах шаардлагатайг ажлын хэсгийн ахлагч онцоллоо. Тодруулбал, уг заалтаар төрийн байгууллагыг хохирогчоор тогтоож байгаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй гэж үзэж буйг дурдсан байна.
Мөн төрийн нэр хүндийг хамгаалах нэрийдлээр иргэний үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, төр иргэдийн эсрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх практикийг таслан зогсоох шаардлагатайг тэмдэглэлээ.
Түүнчлэн орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн ойлголтоор нэр төр, алдар хүнд нь зөвхөн хувь хүнд хамаарах үнэт зүйл бөгөөд төр ийм утгаар хохирогч байх боломжгүй гэж үздэг тул хуулийн төслийг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн боловсруулах шаардлагатайг онцолсон байна.
| Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ | ||
| Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.