Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах хоёр ховор бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо.
Эдгээр үнэт эх сурвалжийг буцаахад Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Монгол судлалын чиглэлээр олон жил судалгаа хийж, эх бичвэрүүдийн гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон Монгол Улсад буцаан олгох үйл явцыг идэвхтэй дэмжжээ.
Буцаан шилжүүлсэн эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга юм. Энэхүү орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх лам Түмэдийн ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 оны орчимд орчуулагдсан байх магадлалтай байна. Энэ эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог.
Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн монгол бичгээрх Гэсэрийн тууль-ын ховор эх юм. Уг хэвлэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад өндөр үнэ цэнтэй эх сурвалжид тооцогдож байна.
Эдгээр бичвэр нь өмнө нь судлаач Рихард Эрнст-ийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан аж. Олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж байгаа нь Монголын бичгийн болон соёлын өвийг хамгаалах, судлах боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой үйл явдал боллоо.
Мөн энэ нь Монгол, Швейцар Улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бодит үр дүн болж байгааг албаныхан онцолсон байна.
| Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэрийг эх оронд нь буцаана | ||
| Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.