Шууд Chart

Нисэх буудлуудад сургалт зохион байгуулна

2014-10-08 14:05:29

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын Холбооны алба хамтран “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал болон Улаан-Үд хотын нисэх буудалд үзүүлэх сургалт зохион байгуулахаар  боллоо. Сургалт явуулах цаг хугацааг ажлын шугамаар нарийвчлан товлох болсон байна.

МХЕГ-ын дарга Д.Батмөнх ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын холбооны албаны дарга Сергей Степанович Ханхареевыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахдаа ийм тохиролцоонд хүрлээ.  

Манай улс өнгөрсөн онд ОХУ-тай хамтран “Урвах тахал ба шувууны томуугийн хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээ” сэдэвт хамтарсан үзүүлэх сургуулийг  Алтанбулаг, Хиагт боомтод амжилттай зохион байгуулсан юм.

МХЕГ 2010, 2013 онд ОХУ-ын БНБУ-ын хяналтын байгууллагатай эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, ОХУ-ын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын Холбооны алба хооронд нутаг дэвсгэрийн эрүүл ахуй, халдвар хамгааллын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг тус тус байгуулсан.    
 
Энэ дагуу хил дамнасан усны эрүүл ахуй, халдвар хамгаалал, мал, амьтны халдварт өвчинтэй холбоотой мэдээ, мэдээллээ улирал бүр, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь харилцан солилцож, эрдэм шинжилгээний хурал, семинар харилцан зохион байгуулдаг. Мөн  жил бүр хил дамнасан голуудад шинжилгээтэй хяналт шалгалт хийдэг нь үр дүнгээ өгч байгааг талууд уулзалтын үеэр тэмдэглэв. Цаашид харилцаа холбоогоо бэхжүүлж, хоёр орны ард иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын төлөө бодитой, үр дүнтэй олон ажил хийж хэрэгжүүлэхээр тохиролцлоо.  
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нисэх буудлуудад сургалт зохион байгуулна  
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй