Сангийн сайд З.Мэндсайхан 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Сангийн яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, салбарын нөхцөл байдал, төсвийн орлогын гүйцэтгэлийн талаар мэдээлэл сонслоо.
Уулзалтын үеэр тэрбээр Монгол Улсын 2026 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах, татварын орлогын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахыг Гааль, Татварын ерөнхий газар болон Хилийн боомтын захиргаанд үүрэг болгосон байна.
Энэ хүрээнд татварын өр төлбөр үүсэхээс урьдчилан сэргийлэх, татварын ногдлыг хуульд заасан хугацаанд барагдуулах нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвлөн туслах ажлыг идэвхжүүлэх шаардлагатайг онцолжээ. Мөн хуримтлагдсан өр төлбөрийн барагдуулалтыг сайжруулж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн аж ахуйн нэгж татварын өртэй тохиолдолд тухайн өрийг төлбөрөөс суутган тооцох зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна.
Түүнчлэн экспортын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний, ялангуяа нүүрс, зэсийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, тээврийн зохицуулалтыг оновчтой болгохыг холбогдох байгууллагуудад даалгажээ.
Мөн экспортын боомтуудын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд гаалийн байцаагчдыг оройн 19:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, гааль болон Хил хамгаалах байгууллагын цахим системийг уялдуулах, автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарц, нүүрсний шинжилгээний лабораториудыг Шивээхүрэн, Гашуунсухайт, Замын-Үүд, Ханги, Булган, Бичигт боомтуудад ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.
Ингэснээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх, экспортын урсгалыг дэмжих, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
| Боомтуудыг уртасгасан цагаар ажиллуулж, экспортыг дэмжинэ | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.