Шууд Chart

Казахстан улсад хамгийн олон авлигын хэрэг бүртгэгдсэн байгууллагуудыг зарлав

2026-04-28 12:08:19

Казахстан Улсад авлигын хэргүүд орон нутгийн засаг захиргааны түвшинд хамгийн олон бүртгэгдэж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлсэн албан тушаалтнуудын тоогоор тэргүүлж байна.

Авлигын хэрэгт 5100 гаруй хүнийг 2020-2025 онд яллагдагчаар татсан бөгөөд ойролцоогоор 3200 нь төрийн албан хаагчид байжээ хэмээн “The Caspian Post” мэдээлсэн байна.

Орон нутгийн гүйцэтгэх байгууллагууд “авлигын үзүүлэлтээр тэргүүлэгч” буюу сөрөг утгаар “анти-лидер” болсон бөгөөд зургаан жилийн хугацаанд бүс нутгийн захиргаа болон түүний харьяа байгууллагуудаас 1000 гаруй албан тушаалтан яллагдагчаар татагдсан байна. Үүнд 44 аймгийн Засаг дарга (regional governors) багтжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь төсвийн хуваарилалт, газар олголт, нөөцийн удирдлага зэрэг эрх мэдэл орон нутгийн түвшинд төвлөрсөнтэй холбоотой.

Хууль сахиулах байгууллагууд хоёрдугаарт бичигдэж, 912 албан хаагч яллагдагчаар татагдсан байна. Үүний дараа Сангийн яам 180 хэрэг, Батлан хамгаалах яам 146 хэрэг, Хорих ял эдлүүлэх байгууллага 133 хэрэг, Хөдөө аж ахуйн яам 104 хэрэгтэйгээр удаалжээ.

Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд ч энэ үзэгдлээс ангид байгаагүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын хорооны авлигатай тэмцэх албаны 5 ажилтан яллагдагчаар татагдсан байна.

Харин дараах байгууллагуудад авлигын хэрэг бүртгэгдээгүй байна. Үүнд:

  • Үндэсний банк
  • Стратегийн төлөвлөлт, шинэчлэлийн агентлаг
  • Өрсөлдөөнийг хамгаалах, хөгжүүлэх агентлаг
  • Соёл, мэдээллийн яам
  • Улсын аюулгүй байдлын алба

Шинжээчид авлигын хэргүүд буурах хандлагатай байгааг мөн онцолжээ.

Тухайлбал, 2025 онд авлигын хэрэг 23 хувиар буурсан, 2026 оны эхний саруудад ойролцоогоор 10 хувиар буурсан нь хяналт шалгалтын бодлого, институтийн шинэчлэлд тодорхой өөрчлөлт гарсантай холбоотой байж болзошгүйг илтгэж байна.

Эх сурвалж: https://caspianpost.com


Казахстан улсад хамгийн олон авлигын хэрэг бүртгэгдсэн байгууллагуудыг зарлав  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй