Шууд Chart

НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран СОР17-ын бэлтгэл, бодлогын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-04-29 13:03:25

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөлтэй албан уулзалт хийж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын бодлогын шинэчлэл, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд НҮБ-ын зүгээс Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэг хэдий ч үндэсний бодлого, дасан зохицох төлөвлөгөө, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо идэвхтэй хэрэгжүүлж, COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлаар бүс нутаг болон олон улсын түвшинд манлайлал үзүүлж байгааг онцоллоо.

Ц.Сандаг-Очир сайд COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад НҮБ-ын байгууллагуудын техникийн зөвлөмж, хүний нөөц, сайн дурынхны оролцоо, мэдээлэл харилцаа, санхүүжилтийн дэмжлэг чухал байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд чиглүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төсөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буйг танилцууллаа. Түүнчлэн Хөрс хамгаалах, Цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг COP17-оос өмнө Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангахад НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах нь өндөр ач холбогдолтойг тэмдэглэв.

Уулзалтаар:

  • COP17-ын Цэнхэр болон Ногоон бүсийн зохион байгуулалт, уялдаа холбоо
  • НҮБ-ын нэгдсэн павильон байгуулах асуудал
  • Сайн дурынхны оролцоо, хүний нөөцийн дэмжлэг
  • Олон нийт, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, мэдээллийн нэгдсэн бодлого
  • Орон нутгийн иргэдийн оролцоо, дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх боломж
  • Байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэл, бодлогын хэрэгжилт

Уур амьсгалын санхүүжилт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааны дараагийн үе шатны төлөвлөгөөг хэлэлцэв.

Талууд COP17-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд НҮБ-ын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан ажлын хэсэг, зохицуулалтыг идэвхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.

НҮБ-ын зүгээс Монгол Улстай шуурхай, үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Нийтэлсэн: COP17

НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран СОР17-ын бэлтгэл, бодлогын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй