БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны захирал Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчдийг Гаалийн ерөнхий газарт хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын талаас Гаалийн ерөнхий газрын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газар, Гаалийн зөрчил хөдөлгөөнт хяналтын газрын удирдах албан тушаалтнууд, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн удирдах албан тушаалтнууд байлцав. Харин БНХАУ-ын талаас НАХЯ-ны Мансууруулах бодист хяналт тавих товчооны ерөнхий захирал Лию Юэжин болон бусад төлөөлөгчид оролцсон юм.
Уулзалтын эхэнд ГЕГ-ын Гаалийн зөрчил, хөдөлгөөнт хяналтын газрын дарга Ц.Гэндэнцэвээн “Хар тамхи ба гааль” сэдвээр хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр гаалийн байгууллагын барьж буй бодлого, хяналт шалгалтад ашиглагдаж буй техник хэрэгслүүд, илрүүлсэн хэрэг, зөрчлийн мэдээ, дүн шинжилгээ, чиг хандлагын талаар илтгэл, танилцуулга хийв.
Хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр гаалийн байгууллагын баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд, Дэлхийн гаалийн байгууллага болон бүс нутаг, хөрш орнуудын гаалийн байгууллагуудтай хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж буй ажлуудыг Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё. Бат-Эрдэнэ товч танилцуулж, хар тамхины хяналтын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар харилцан санал солилцсон юм.
Уулзалтад оролцогсод хар тамхины хор хөнөөл, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн тоо хурдацтай нэмэгдэж, цар хүрээ өргөсч, зохион байгуулалт, арга хэлбэр нь улам бүр нарийсч буйтай санал нэгдэж, энэ чиглэлээр хөрш орнуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээллийг харилцан шуурхай солилцох явдал чухал үр дүнтэйг онцлон тэмдэглэв.
Цаашид БНХАУ-ын талаас хар тамхины хяналтын чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Хар тамхины хяналтын чиглэлээр мэдээлэл солилцоно | ||
Үзсэн: 1625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.